Б.Эрдэнэчулуун: Халаалт, халуун усны төлбөр тавдугаар сарын 16-аас ингэж нэмэгдэнэ

.Graph
2025-03-12

Дулааны үнэ энэ оны тавдугаар сарын 16-аас нэмэгдэх гэж байна. Тэгвэл дулааны үнэ хэр нэмэгдэх талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тарифын газрын дарга Б.Эрдэнэбулганаас тодрууллаа. 

-Дулааны үнийг 85 хувиар нэмнэ гэж Монголбанкны Ерөнхийлөгч хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. Энэ үнэн үү, цахилгааны үнэ шиг хэрэглээнээс хамаарсан байдлаар нэмэх үү. Та бүхэн хэрхэн төлөвлөж байна вэ?

-Дулааны үнийг тавдугаар сарын 16-аас нэмэхээр төлөвлөсөн. Хуваарийн дагуу тавдугаар сарын 16-наас халаалт зогсоно. Тэгэхээр тавдугаар сарын 16-аас хэрэгцээний халуун усны төлбөрөө нэмэгдсэн дүнгээр төлнө гэсэн үг юм. Сая Монголбанкны Ерөнхийлөгч мэдээлэл өгөхдөө дулааны үнийг 85 хувиар нэмнэ гэж байна лээ. Үүнийг нарийвчлан тайлбарлая. 

  • Аж ахуйн нэгжийн тариф 73 хувиар,
  • Айл өрхийн тариф 100 хувиар нэмэгдэхээр (зөвхөн Улаанбаатарт) тооцоололтой байна. Үүний дундаж нь 85 хувь болж байгаа юм. 

Айл өрхийн хэрэгцээний халуун усны үнийг зуны улиралд хүнээр тооцвол 2806 төгрөг байгааг 5612 төгрөг болгож байна. Өөрөөр хэлбэл, нэг хүний нэг сарын хэрэглээ ийм болно гэсэн үг. Харин халаалтын тариф нь одоогийн байдлаар

  • Улаанбаатар хотод 1 мкв нь 506 төгрөг,
  • Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотод 1 мкв нь 648 төгрөг 
  • Бусад аймгийн төвүүдэд 1 мкв нь 1024 төгрөг хүрээд байна. 

Тэгэхээр Улаанбаатарын хувьд хамгийн хямд байгаа юм. Тиймээс үүнийг бусад аймгуудын түвшинд хүргэж, 1012 төгрөг болгож байна. Өөрөөр хэлбэл, халаалтын үнэ нь

  • Улаанбаатар хотод 100 хувиар
  • Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотод 56 хувиар нэмэгдэнэ. 

Энэ тарифын өөрчлөлтийн хүрээнд 50 мкв-тай 2 өрөө орон сууцанд 4 хүн амьдардаг байлаа гэж бодоход өвлийн саруудад 42 мянган төгрөгийн халаалт, халуун усны төлбөр гардаг байсан бол одоо 84 мянга болж өөрчлөгдөнө. Энэхүү үнийн дүнг жилээр авч үзье. Жилд халаалт ашигладаг 8 сар, зуны 4 сарыг аваад үзвэл 50 мкв-тай 2 өрөө орон сууцанд амьдардаг 4 хүн нийтдээ 410 мянган төгрөгийн халаалт, халуун усны төлбөр төлдөг байсан бол энэ нь 820 мянга болж нэмэгдэнэ. Үүнийг гэр хорооллын ижил төстэй айлын халаалт болон халуун усны зардалтай харьцуулаад үзвэл, гэр хороолол дахь ижил төстэй айл жилд 4-5 тн шахмал түлш, түлээ, халуун усны зардал жилд 2 сая төгрөгийн зардал гаргадаг юм билээ. 

-Дулааны үнийг хэдий хугацаанд өөрчлөөгүй байж байгаад одоо ингэж нэмэх гэж байна вэ?

-2019 оноос хойш айл өрхийн цахилгаан, дулааны төлбөрт өөрчлөлт ороогүй байсан. Та бүхний мэдэж байгаачлан өнгөрсөн 11 дүгээр сард цахилгааны төлбөрт өөрчлөлт орсон. Тухайн үед дулааны төлбөрийг нэмэх гэж байсан боловч өвлийн халаалтын улирлыг дуусгах нь зүйтэй гэж үзээд хойшлуулсан. 

-Эрчим хүчний салбар алдагдалтай ажилласаар ирсэн. Тарифыг нэмснээр ямартай ч үнээ зах зээлийн үнэд нь хүргэлээ гэж ойлгосон. Үнэ нэмэхээс гадна зэрэгцүүлээд энэ салбарыг сайжруулахад юу хийж байна вэ? 

-Дулааны төлбөрийг айл өрхийн хэрэглээнд суурилсан болгох гэж байна. Нийт айл өрхийн 50 хувьд нь дулааны тоолуур тавих боломжтой байна. Гэхдээ дулааны тоолуурын үнэ үнэтэй байдгийг бодолцох хэрэгтэй. Харин үлдсэн 50 хувьд нь дулааны тоолуур тавих боломжгүй байгаа. Энэ айлууд дээр зардал хуваарилагч төхөөрөмж гээд пааран дээр нь тавьдаг төхөөрөмж тавина. Энэ төхөөрөмжийг үндэслээд аль айл нь хэр хэрэглэж байна гэдгийг тооцохоор судалж, төлөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe