Өнгөрсөн 2024 оны наймдугаар сард Нийслэлээс 18-аас доош насны хүүхдийг суррон буюу электрон дугуй унаж, замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох санал гаргаж байсан.
Тэгвэл суррон тээврийн хэрэгслийг 18 нас хүрсэн, “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй иргэн унаж замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт гаргажээ. Түүнчлэн түрээсийн дугуй, скүүтер, мопед зэргийг 16 наснаас дээш насны хүмүүс унахаар зохицуулалтад тусгажээ.
Уг зохицуулалт ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх аж.
2021 оноос Улаанбаатар хотод өргөнөөр хэрэглэгдэх болсон суррон тээврийн хэрэгслийн улмаас өсвөр насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх, бэртэж гэмтэх, нас барах тохиолдол ихэссэн байна.
Тодруулбал, Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр мотоцикл зэрэг хоёр дугуйтай хэрэгслийн ангилалд 2021 онд 1181 хүн зам тээврийн осолд өртсөн. Үүнээс 0-18 насны 210 хүүхэд, өөрөө жолоодож явсан 67 хүүхэд, зорчигчоор 143 хүүхэд хохирсон байна. Түүнчлэн энэ тоо 2022, 2023 онуудад өссөн үзүүлэлттэй байжээ.
Сэтгэгдэл үлдээх