ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар талууд хоёр улсын шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар санал солилцов.
Тодруулбал, Ц.Баатархүү сайд цахим худалдааны талбарт Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Alibaba-гаар дамжуулан экспортлох ажлыг эрчимжүүлж, энэ гуравдугаар сардаа багтаан хоёр талын цахим уулзалтыг зохион байгуулах асуудлыг онцлов.
Мөн Монгол Улсын Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд Төв аймгийн Зуунмод хотыг шинэчилж, “Хүннү” хот болгон, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн парк байгуулахаар төлөвлөж буйг Элчин сайдад дуулгаж, БНХАУ-тай энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан Ц.Баатархүү сайдын саналыг нааштай хүлээн авч, цахим худалдааны салбарт хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тал дээр санал нэгдэв.
Үүний зэрэгцээ хоёр улсын шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, харилцан ашигтай хамтдаа хожсон амжилтыг үзүүлж, дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.
Сэтгэгдэл үлдээх