UB Palace буюу Баянгол дүүргийн 6-р хороо Чингүнжавын гудамжинд байрлах 28025 м2 газрыг Хурд стандарт ХХК нь нэгдүгээр сарын 6-ны өдөр дуудлага худалдаагаар худалдаж авсан байна. Дуудлага худалдааны эхлэх үнэ 3.7 тэрбум төгрөгөөс эхэлсэн бөгөөд тус компани эцсийн байдлаар хэдэн төгрөгөөр авсан нь тодорхойгүй байгаа юм. Ийнхүү дуудлага худалдаа болсны дараа нэгдүгээр сарын 17-нд гэрээлж, газрыг Хурд стандарт ХХК эзэмшиж эхэлжээ. Газрын гэрээ нь 2040 оны нэгдүгээр сарын 17-нд дуусах юм байна. Хурд стандарт ХХК нь Хурд группийн охин групп бөгөөд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компани билээ.
Энэ талаар бид холбогдох эх сурвалжаас тодруулахад "UB Palace-ийн газрыг Хурд групп авсан нь үнэн. Гуравдугаар сараас барилгыг нурааж, шинэ төсөл эхлүүлнэ. Орон сууцны хороолол барихгүй. Харин 120 мянгатын уулзварт барьсан Наадам центртэй адил худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий "Наадам центр-2"-ыг барина" гэсэн юм.
Тэгвэл энэ талаар Жүжигчин Л.Сөрөлт байр сууриа илэрхийлжээ. Тэрээр "Улаанбаатар палас маань орон сууцны хороолол болохоор болжээ. Хоёр сая шахам хүн амтай, нийслэлд 3000 гаруй хүн багтдаг зориулалтын ганцхан танхим байсан нь Улаанбаатар паласын концертын их танхим юм. Одоо ахиж тийм танхим барих газар нийслэлд байхгүй байх. Авсан нь ч, зарсан нь ч яаж байгаа юм бэ дээ. Одоо уран бүтээлчдийнхээ тоглолтыг хэдүүлээ хаана үзэх вэ. Хагас, бүтэн сайнд Бөхийн өргөөнд бөх барилддаг. UG Arena нэг цагийн 17 сая төгрөгийн түрээстэй. Аса цирк нэг тоглолтын 50 сая төгрөгийн түрээстэй. Зөвхөн түрээсээ олохын тулд нэг суудал 150 мянга орчим төгрөгөөр зарагдахаар байна" гэсэн байна.
Сэтгэгдэл үлдээх