Өмнөговь, Дундговь аймгийн Засаг дарга нар Боловсролын яаманд мэдэгдэлгүй сургалтын үйл ажиллагааг цахимд шилжүүлжээ

Ж.Номин
2025-03-17

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 51 тохиолдол, сэжигтэй 11 тохиолдол бүртгэгдээд байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн.  

Сүүлийн 24 цагийн байдлаар гэхэд Дундговь аймгаас 8, Өмнөговь аймгаас 4 тохиолдол илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан дээрх аймгуудын Засаг дарга, онцгой комиссоос хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд цахимд шилжүүлэх шийдвэр гаргасан юм. 

Тухайлбал,  Дундговь аймаг бүх шатны сургалтын үйл ажиллагаагаа 3 сарын 15-28-ны өдрийг дуустал цахим шилжүүлсэн бол Өмнөговь аймаг 3 сарын 13-17-ны өдрийг дуустал цахимд шилжүүлэх захирамж гаргажээ. 

Уг шийдвэрт Боловсролын сайд ундууцан, “Дундговь, Өмнөговь аймгийн Засаг дарга нар Боловсролын ерөнхий хуулийг хэрэгжүүлэхгүй, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан санал хүргүүлэхгүйгээр хичээл, сургалтын үйл ажиллагааг хязгаарлаж, танхимын бус хэлбэрт шилжүүлж холбогдох хууль тогтоомж зөрчжээ” хэмээн цахим хуудастаа бичжээ. 

Түүнчлэн уг асуудалтай холбогдуулан аймаг, нийслэлийн Засаг дарга нар, боловсролын газруудад “Хуулийн хэрэгжилт хангуулах тухай” албан бичиг хүргүүлсэн байна. 

Уг албан бичигт “Цаашид тухайн орон нутгийн хэмжээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг өөрчлөх тохиолдолд Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад саналаа ирүүлэн шийдвэрлүүлж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахыг Танд зөвлөж байгаа болно” хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe