Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг цагаатгалаа

Ц.Чимэдцэеэ
2025-03-17

Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын газруудыг залилсан гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарын шүүх хурал гурван өдөр үргэлжилж, өнөөдөр(2025.03.17) шийдвэрээ гарлаа.

Ийнхүү Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ Т.Баясгалан нарыг цагаатгаж, Н.Болормаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон Б.Цэрэндоржийг зургаан жил хорих ялаар шийтгэжээ.

Шүүхээс шийдвэрийн үндэслэлээ шүүхийн шийдвэрийн тоймд тусгах ба холбогдох журамд заасны дагуу гурван өдрийн дотор олон нийтэд түгээнэ хэмээн мэдэгдэв.

Энэ хэрэг 2023 оны дөрөвдүгээр сарын 6-нд тус шүүхээр шийдүүлж байсан ба өнөөг хүртэл давах болон хяналтын шатны шүүх хүртэл дамжин УДШ-ээс хэргийг хэлэлцэхээс татгалзаж байсан бол ийнхүү өнөөдөр эцсийн шийдвэр нь гарсан аж.

Сануулахад, УИХ-ын гишүүн асан, Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан нар нь өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан гэх хэрэгт холбогдоод байсан юм.

Харин 2023 оны дөрөвдүгээр сарын 6-нд гарсан шүүхийн шийдвэрт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь эзэмшигч, өмчлөгчийн буюу хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч нар тухайн газруудыг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлж аваагүй, харин ашиглах зориулалтаар зөвшөөрөл гаргуулсан боловч зориулалтын бусаар ашигласан гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа байх тул гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж байв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe