"Ноорог"-ийн залуусыг прокурорын зөвшөөрөлгүй cаатуулжээ

.Graph
2025-03-18

"Ноорог"-ийн залуусыг өнгөрсөн шөнө ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчилж, шөнөжин байцааж, мөн утас, ажлын хэрэгсэл, хард гэх мэт зүйлсийг хураасан. Тэгвэл уг асуудлаар Ноорог креатив студиогийн үүсгэн байгуулагч О.Уламсайхан мэдээлэл өглөө.

Түүний өгсөн мэдээллээр тус студийн контентоос болоод хүн амиа хорлох гээд байна гэж хуурамч хаягнаас Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү чатаар гомдол гаргажээ. Тус чатыг үндэслэн "Ноорог"-ийнхноос байцаалт авсан аж.

О.Уламсайхан: Сонгуулийн пропогандаг харуулсан баримтат киноны гол материалыг хадгалсан 14 терабайтын хоёр хардыг хураачихлаа

Энэ талаар тэрээр "Монголд байгаа бүх медиа MCS, АПУ гээд групп компаниудын дүрсийг авч, хамтран ажилласан түүх бий. Тэглээ гээд яах гээд байгаа юм бэ. Хамтран ажилласан уу гэвэл ажилласан. Бизнес хамтрал байсан шүү дээ. Би энэ үйл явцыг айлгах ажиллагаа гэж харж байна. Чатар ирсэн гомдлоор маш чанга эрүүгийн зүйлчлэл үүсгэсэн байгааг гайхлаа. Гэхдээ бид айхгүй. Бид санаатайгаар халдсан, гүтгэсэн зүйл хийгээгүй. 

Кино хийж байгаагаа яриад удалгүй ийм үйл явдал боллоо. Ноорог гэдэг баг шинэ залуу баг. Сонгуулиар 18 хоногт бид 6 бүсэд 6 өөр дүрийг дагаад ажилласан. Намын бус энгийн иргэдийг дагаад ажилласан. 6 хүн дээр ирж байгаа пропоганда, үйл явцыг харуулсан. Монголд сонгууль яаж явдаг юм бэ гэдгийг харуулъя гэж хийсэн. 

Гэтэл киноны гол материалыг хадгалсан байсан HARD-уудыг хураан авсан. Яг юу, юу хураан авсан бүртгэл мэдээлэл ч алга. Бүх хүний хувийн эд зүйлсийг хураан авсан. Мөн биед нь нэгжлэг хийсэн. Утсаа хураалгасан тул өмгөөлөгч хуульч авах эрхээ эдэлж чадсангүй. Хоорондоо юм ярихыг хориглосон. Чимээгүй бай гэх мэтээр хандсан. Манайхыг тролл баг гэж хэлээд байгааг би огт ойлгохгүй байгаа. Бид 80 сая төгрөг баримтат кино хийхдээ зарцуулсан. Энэ мөнгийг олон нийтийн хандиваар босгосон. 

Энэ үйл явдлыг сурвалжилахаар ирсэн та бүхэн баярлалаа. Ноорогийн бус хэвлэлийн эрх чөлөөний асуудал хөндөгдөж байгаа хэмээн ойлгож байна" гэлээ. 

П.Эрхэмбаяр: Албан ёсоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй байхад цагдаагийнхан мөрдөгчийн магадлагаанд гарын үсэг зуруулах гэж завдсан. Энэ нь мэдээллийг задруулахгүй байх магадлагаа юм.

Мөн Өмгөөлөгч Б.Наранцэцэг "Иргэнээс ирсэн гомдлын дагуу мэдүүлэг авсан. Одоогоор хэрэг гэж ярих нь өрөөсгөл юм. Эрүүгийн хуулийн 19.9 гэсэн зүйл заалтыг тулгасан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Өмнө нь төрийн өндөр дээд албан тушаалтнуудын гомдлоор мэдүүлэг авсан бол одоо иргэний мэдээллээр байцаалт авсан байна. Оффист нь нэгжлэг хийж, хойшлуулашгүй ажиллагаа хийсэн байна. Процессын алдаа гарсан олон баримтууд байна гэж харж байгаа. Энэ үйл явцыг хэвлэн нийтлэх эрх чөлөөний асуудал яригдаж байна. Шөнийн 22 цагаас өглөөний 07 цаг хүртэл байцаасан нь хүний эрхийн зөрчил мөн. Саатуулах үйл ажиллагааг хийхдээ тэднийг хаана байсныг нь ч шууд мэдээд, тэр газар нь очиж баривчилсан зэрэг ноцтой зөрчлүүд байна" гэв. 

Үргэлжлүүлэн Хуульч П.Эрхэмбаяр "Хүүхдүүдийг PC-нд тоглож байхад нь очиж баривчилсан. Хамгийн гол нь прокурорын зөвшөөрөлгүй саатуулан байцаасан байна. Сая сэжигтнээр байцаасан гэхээр удахгүй яллаж болзошгүй байна. 48 цаг прокурорын зөвшөөрлөөр цагдан хорих гээд бараагүй. Цагт нь дуудаад ирээгүй, оргон зайлах гэж буй зэрэг үндэслэл байвал цагдан хорьдог.  Мөн нууцын баталгаан дээр гарын үсэг зуруулж амыг нь хамхих гэж оролдлоо" гэсэн юм. 

Харин "Ноорог"-ийн залуусыг сатуулсан  асуудлаар прокурор ингэжээ.

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “цахим орчинд Ноорог гэх нэртэй фейсбүүк пейж хаягаас бусдын нэр хүндэд халдаж худал мэдээлэл тараасан” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөгчөөс нэр бүхий иргэдийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах санал гарган ирүүлснийг прокурор танилцаад хуульд заасан баривчлах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн, сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлахаас татгалзаж шийдвэрлэсэн байна гэжээ. 

Сэтгэгдэл үлдээх

МАНАН-гийнхан ичиж үхээч та нар! Сонгуулийг хууль бусаар луйвардаж төрийн эрхэнд гарсан чинь худлаа юмуу?

Уншигч

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe