ЭЦА: “Ноорог” хуудасны залуусыг хувь хүний нууцад халдах, задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан асуудлаар шалгаж байна

.Graph
2025-03-18

Ноорог пэйжтэй холбоотой асуудлаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. 

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Тайван: 

- Ноорог пэйжийн контент бүтээгч залуустай холбоотой шалгалтын ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулж байгаа. Тухайн пэйжийн хэвлэн нийтлэх үйл ажиллагаа буюу тухайн пэйжид нийтлэгдсэн пост, нийтлэл, контенттой холбоотой ямар нэг мөрдөн шалгах болон гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй гэдгийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгдэж байна.

Өөрөөр хэлбэл, хэвлэн нийтлэх эрх чөлөө болон хэвлэл мэдээллийн байгууллагатай нь холбож шалгасан зүйл байхгүй. 

Харин тэднийг хувь хүний нууцад халдах, задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн тодорхой сэжүүр, шинж тэмдэг илэрсэн учир холбогдох мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналтад дор явуулж байна. Тодруулбал, иргэдийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан, мөрдөн мөшгөсөн, хууль бусаар эрх чөлөөнд нь халдсан үйлдлүүдийг урьдчилсан байдлаар тогтоосон. Гүйцэтгэх ажиллагаа явуулсан зүйл байхгүй” гэв.  

Тэрбээр үргэлжлүүлэн, “Өчигдөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд холбогдох мөрдөн шалгах ажиллагааг прокурорт танилцуулсны үндсэн дээр зохион байгуулсан. Энэ хүрээндээ  8 иргэнийг дуудан авчирч, холбогдох мэдүүлэг, тайлбар авах гэсэн боловч 7 иргэний “өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг өгнө” гэх хүсэлтийг хангаж, 22:30 цагт авч ирээд, 04:30 цагт явуулсан. Энэ бол хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд ажилласан ажиллагаа. Мөрдөн шалгах ажиллагааны тактик янз бүр байдаг болохоор олон нийтэд дэлгэрэнгүй ярих боломжгүй” хэмээлээ. 

Ташрамд, "Ноорог" хуудасны хийж буй баримтат кинотой буюу хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Тухайн баримтат кино нь хаана ямар хард дискт байсан гэдгийг ч бид мэдээгүй хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Харин цахим орчинд буюу "Ноорог" хуудасны өмгөөлөгчийн мэдээлсэн "Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлд заасан Үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангиар шалгаж буй" гэх асуудлыг цагдаагийн байгууллага мэдэхгүй гэв.  

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe