Эрчим хүчний реформд гологдсон "дулаан"

.Graph
2025-03-20

Эрчим хүчний тухай хуульд эрчим хүч гэдгийг цахилгаан, дулаан үйлдвэрлэх зориулалтаар ашиглаж болох бүх төрлийн түлш, сэргээгдэх болон бусад эх үүсвэрийг болон түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хийг хэлнэ хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбар гэсэн малгайн дор цахилгаан болон дулаан гэсэн хоёр том агуулга хамт явдаг байна. Гэсэн ч олон нийтийн ойлголт эрчим хүч гэхээр нь тогны, цахилгааны асуудлыг ойлгох тохиолдол бий.

Гэтэл иргэд нь ч гэлтгүй төр нь ч гэсэн эрчим хүч гэдгээр зөвхөн цахилгааны асуудлыг ойлгодог бололтой.

Учир нь, Засгийн газар эрчим хүчний реформ хийнэ гэчхээд зөвхөн цахилгааны үнэд зохицуулалт хийж, дулааны үнэ дээр нүдээ аниад өнгөрлөө.

Тодруулбал, өнгөрсөн оны 11-р сард ААН-ийн цахилгааны үнийг 30 хувиар, айл өрхийн хэрэглээг гурван шатлалтай нэмсэн. Ийнхүү үнэ нэмж байгаа шалтгаанаа эрчим хүчний салбарын алдагдлыг нөхөх зорилготой хэмээн тайлбарласан юм. Тухайн үед эрчим хүчний салбар 203 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоотой байсан бөгөөд ийнхүү үнэ нэмснээр энэ алдагдлаас сэргийлнэ гэж үзсэн. Энэ үед дулааны үнийг оны дараа нэмнэ гэж байсан ч яг нэмэх дээрээ тулахад улс төрчид шийдвэрээсээ ухарч, хэрэгжих хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Үүнийгээ тайлбарлахдаа тогны үнийн нэмэгдлээс болж инфляц өндөр гарсан, төрөөс үнэ нэмдгээс болж иргэд хэцүү амьдарч байна хэмээн учирласан. Угтаа бол шийдвэр гаргагчид энэ бүх эрсдэлийг тооцоолж л шийдвэрээ гаргасан баймаар. 

Дулаан нэмээгүйгээс болж 118 тэрбумын алдагдал хүлээнэ

Хамгийн гол нь дулааны үнэ нэмэхийг хойшлуулснаар эрчим хүчний салбар 118 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх эрсдэлтэй байна. Энэ талаар ЭХЗХ-ны эх сурвалжууд news.mn сайтад тодруулга өгчээ. Тэдний мэдээлснээр "Дулааны эрчим хүчний тарифын хувьд 118 тэрбум төгрөгийн дутагдалд орох тооцоо гарсан. Хэрэв энэ дүн татаасаар олгогдохгүй бол эх үүсвэрийн дутагдалд орох, салбарын нөхцөл байдал хүндрэх, өр үүсээд явах эрсдэл тулгарна" гэсэн байна. 

Өөрөөр хэлбэл, энэхүү дутагдлыг 118 тэрбум төгрөгийн алдагдлыг нөхөхийн тулд нэг бол үнэ нэмэх шаардлагатай, үгүй бол төрөөс татаас авах шаардлагатай гэсэн үг юм. 

Хэрэв үнэ нэмэх бол дараах байдлаар нэмнэ. 

  • Аж ахуйн нэгжийн тариф 73 хувиар,
  • Айл өрхийн тариф 100 хувиар (зөвхөн Улаанбаатарт)

Айл өрхийн хэрэгцээний халуун усны үнийг зуны улиралд хүнээр тооцвол 2806 төгрөг байгааг 5612 төгрөг болгоно. Харин халаалтын тариф нь 

  • Улаанбаатар хотод 1 мкв нь 506 төгрөг,
  • Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотод 1 мкв нь 648 төгрөг 
  • Бусад аймгийн төвүүдэд 1 мкв нь 1024 төгрөг хүрээд байна. 

Тэгэхээр Улаанбаатарын хувьд хамгийн хямд байгаа юм. Тиймээс үүнийг бусад аймгуудын түвшинд хүргэж, 1012 төгрөг болгоно. Өөрөөр хэлбэл, халаалтын үнэ нь

  • Улаанбаатар хотод 100 хувиар
  • Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотод 56 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоог Эрчим хүчний зохицуулах хорооноос хийсэн байна. 

Цахилгааны үнийн нэмэгдэл иргэдийн амьдралд нөлөөлсөн үү гэвэл нөлөөлсөн, инфляц хөөргөдсөн үү гэвэл хөөргөдсөн. Гэхдээ цахилгаан болон дулаан бол эрчим хүчний салбарын салшгүй ойлголт. Тиймээс нэгийнх нь үнийг нэмээд нөгөөхийг нь орхигдуулсан нь эрчим хүчний реформ цааш улс төрийн пянгаа даахгүй зогсох вий гэдэг эргэлзээг дагуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe