"Хуурамч" тэмцэгчдийн хорлолоос эх орноо аварцгаая

Ц.Чимэдцэеэ
2025-03-24

Хуурамч эх орончид оо, одоо болиод өгөөч, гуйж байна. 

Юуны өмнө “Монгол хүний саруул ухаанд итгэдэг хэмээх” төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжийн Зоригийн эшлэлийг сануулъя. Манай улс аль 1996 оноос хойш буюу анхны Ерөнхийлөгчөөсөө эхлэн өнөөг хүртэл 30-аад жилийн турш хөгжлийн замналдаа томоохон үсрэлт хийх гаргалгааны талаар тив алгасан хэлэлцэж, бэрхийг алгасан мөрөөдөж ирсэн.

1996 он

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Франц улсад айлчилж, Ерөнхийлөгч Жак Ширактай уулзан ураны нөөцөө судалж, ашиглахыг эрмэлзэж байгаа талаараа илэрхийлж байв.

2007.02.22

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Франц Улсад 5 хоног айлчлах үеэр Францын Ерөнхийлөгч Жак Ширактай хамтын ажилгааны хүрээнд Монгол Улс цөмийн технологиор дэлхийд тэргүүлэгч Франц улстай уран олборлох, цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж байлаа.

2010.10.14

Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад Худалдааны сайд хатагтай Анн-Мари Идрак манай улсад айлчилж, тухайн үеийн Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай “Цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай МУ-ын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулжээ.

2015.03.02

Засгийн газрын 2015 оны 72 дугаар тогтоолоор баталсан Цөмийн энергийн комиссын дүрэмд заасны дагуу Цөмийн энергийн комиссын Ажлын албыг байгуулж байв.

2015.11.19

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Франц улсад айлчилж,  Ерөнхийлөгч Франсуа Олландтай хамтарсан мэдэгдэлд цөмийн эрчим хүч, ураны хамтын ажиллагааны талаар дурдаагүй ч 2 улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд томоохон дэвшил болж байв.

2023 он

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад айлчлав. Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа Францын Ерөнхийлөгч манай улсад айлчилсан явдал байлаа.

2025 он

30-аад жил гэрээ, хэлэлцэрийн түвшинд яригдаж ирсэн Монгол-Францын хамтарсан ураны төсөлд “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж чадлаа.

Ийнхүү биелэгдэшгүй мэт байсан даалгавар арайхийн бүтсэн.

Гэтэл урагшгүй хэдэн нөхөд минь ээлжит хорлондоо зэхэж, олон түмнийхээ тархийг угаахаар нөгөө л найман хөлтэй ишиг, гар, хөлгүй хүүхэд гэсэн лоозонгоо тэвэрсээр гарч ирлээ. Тэд төв талбайг зайдалж, цахим сүлжээгээр ураныг эсэргүүцэх жагсаалд нэгдэхийг уриалан олныг турхирч байна.

Тэд үнэн зүйл ярьдаг байсан бол үүнийг тоочих хэрэг байхгүй. Харин тэдний ярьдаг хачин жигтэй явдал бүрт мэргэжлийн байгууллагууд хяналт шалтгалт хийгээд, ор үндэсгүй байна аа гэдгийг нь нотолчихсон байдаг.

Саяхан л гэхэд уран олборлолтоос үүдсэн гэх дээрх зургийг цэргийн ажиллагаа болон малын эм тэжээлээс үүдсэн ба уран олборлохтой огт холбоогүй юм байна аа гэдгийг Монголын баримт шалгалтын төв шалгаад, гаргаад ирсэн байна.

Түүнчлэн Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршоо 2019, 2023 онд тус тус малын эрүүл мэнд, ургийн гаж хөгжлийн судалгаа хийж, дүгнэлтийг танилцуулсан байдаг.

Үүнд малын эрхтэн тогтолцоо болон бүтэн биед тохиолддог эмгэгүүд буюу ургийн гаралтай гаж хөгжил нь Монгол орны бүх аймагт тохиолдож байсан ба урантай гэгдэх Улаанбадрах сумтай Дорноговь 2019 онд малын гаж хөгжлөөр 21 аймгаас 11-т жагсаж байснаа 2023 онд 16-р байр руу ухарсан талаар дурдсан.

Харин нөгөө талаас ураны хөрөнгө оруулалтын гэрээг зарим иргэд ийнхүү үзсэн байдаг. 

Үүгээр зогсохгүй бидний байгуулсан ураны хөрөнгө оруулалтын гэрээнд

  • Ашигт малтмал олборлолтын шууд өгөөжийн 51%-иас доошгүй хувийг Монголын тал хүртэнэ.
  • Орон нутгийн хөгжлийн санд 44 сая ам.долларыг шууд хөрөнгө оруулна
  • Зүүнбаянгийн төмөр замыг өргөтгөж, 160 км авто зам барьж, 500 хүн амтай жижиг тосгон байгуулна гэхчлэн миний эх оронд ашиг тустай өчнөөн нөхцөлийг тусгасан.

Тэгээд ч гэрээний гол нөхцөл болсон Зөөвч-Овоо орд бол дэлхийн 10 томоохон ордын нэг тул энэ төслийг хэрэгжүүлснээр Монгол Улс дэлхийн ураны зах зээлд томоохон тоглогч болох боломжтой.

Ингээд харахаар хоёр их гүрний дунд хавчуулагдсан манайх шиг жижиг улс дэлхийд данстай болох сон гэх итгэлийн гэрэл голтойж буй билээ.

Тэгвэл холбоо хамааралгүй асуудлаар олон нийтийн тархийг угааж, худал мэдээлэл тарааж, улс орныхоо хөгжлөөс хойш татдаг, эх орны минь нэгээхэн эд эс хэн бүхнийг чин сэтгэлээсээ одоо болиод өгөөч ээ гэж гуймаар байна.

Ад үзэгддэг ч уул уурхайн салбар л төсвийн орлогын 30-аад хувийг бүрдүүлж, 70 гаран мянган хүнийг цалинжуулж, манай улсыг элгээрээ хэвтэж, идүүрээ долоох хүртэл дордуулчилгүй авч яваа ганц тулах цэг болж байна.

Оюу толгойн өгөөжөөр өдийг хүрчихээд, дараагийн Халзан бүрэгтэй, Зөөвч овоо зэргийн ордуудаа хөдөлгөхгүй гэж тэмцэх шалтгаан бидэнд байхгүй.

Тамын тогооноосоо гарах гэж дотроо алалзах зуур дээрээс хэн нэг нь хөмрөх вий дээ, ах эгч нар аа.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe