МАН гишүүдээ "барих" журам боловсруулжээ

Ц.Чимэдцэеэ
2025-03-25

126 гишүүнтэй парламентад Монгол ардын нам 68 суудал авсан. Ийнхүү олонх гэсэн статусаар бодлого боловсруулах үйл ажиллагаанд оролцож байна. Тэгвэл тэд намын бүлгийн гишүүдээ журамлахаар болжээ.

Ингэхдээ өчигдрийн (2025.03.25) намын бүлгийн хуралдаанаараа "МАН-ын бүлгийн гишүүдийн үнэлгээний журмын төсөл"-ийг хэлэлцсэн байна.

Ийгл телевизийн мэдээлснээр тус журмын төсөлд бүлгийн дэмжихээр шийдсэн хууль, тогтоолын төслийг УИХ-ын чуулганы санал хураалтад дэмжсэн тохиолдолд 10 оноо нэмж, дэмжээгүй тохиолдолд хасах тухай тусгасан аж.

Түүнчлэн нийлбэр дүнгээр хамгийн бага оноо авсан 10 гишүүтэй бүлгийн дарга, дэд дарга нар уулзаж анхааруулга өгнө, анхааруулгыг гурав ба түүнээс дээш зөрчвөл хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэж тусгажээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдах үндэслэл болж магадгүй болоод байна.

Учир нь Үндсэн хуулийн 23.1-т Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална. хэмээн заасан байдаг.

Чуулганы танхимд хэлэлцэх асуудлыг урьдчилан намын бүлгээрээ хэлэлцэж, байр сууриа нэгтгээд бодлого, чиглэлээ хаашаа эргүүлэхээ тогтдог парламентын засаглалын сонгодог үйл ажиллагааны хэлбэр мөн ч гишүүдээ албадан шахаж, заавал биелүүлэх зорилготой, санкцаар журамлах нь намын дотоод ардчилалд халтай хэмээн зарим гишүүд эсэргүүцэн дээрх журмыг батлаагүй.

Харин МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг хуралд суусан ба ирэх долоо хоногийн даваа гарагийн намын бүлгийн ээлжит хуралдаанаар дахин хэлэлцэхээр болсон нь анхаарал татаад байна. Хэрэв энэ агуулгаар журам батлагдвал, гишүүний бие даасан байдалд халдан, ард түмнийг төлөөлөх үүргээ биелүүлэхэд саад болох, үндсэн хуультай харшилдаж магадгүй.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe