Шүүхийн ерөнхий зөвлөл 9 дэх удаагийн шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад давхардсан тоогоор 272 нэр дэвшигчийг бүртгэн шийдвэрлэж, шалгалтын хуваарийг баталжээ.
Анхан шатны шүүхийн дор дурдсан нийт 75 сул орон тоонд 200 нэр дэвшигч бүртгэгдсэнээс эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн 63 сул орон тоонд 117 нэр дэвшигч, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 2 сул орон тоонд 43, захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 10 сул орон тоонд 40 хуульч шалгалт өгнө.
Давж заалдах шатны шүүхийн 38 сул орон тоонд нийт 58, хяналтын шатны шүүхийн 4 сул орон тоонд 14 шүүгчийг нэр дэвшигчээр бүртгэв. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.6-д зааснаар хяналтын шатны шүүхийн 24 шүүгчийн 1/3 хүртэлх орон тоонд 10-аас доошгүй жил ажилласан хууль зүйн сургуулийн багш, прокурор эсхүл өмгөөлөгч нэр дэвшиж болох ч энэ удаагийн сонгон шалгаруулалтад шүүгчид нэрээ дэвшүүлсэн байна.
Шүүгчийн сонгон шалгаруулалт нь 2 үе шаттай ба бичгийн шалгалт буюу хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг 2025 оны 4 сарын 1-ний Мягмар гарагт анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шалгалтаар эхэлнэ.
Нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 14 хоногийн хугацаанд shuugch-songon@judcouncil.mn цахим хаягаар хүлээн авч байна.
Сэтгэгдэл үлдээх