Чөлөөт худалдааны хэлэцээр байгуулснаар ДНБ 6.1 хувиар буурна

Ц.Чимэдцэеэ
2025-03-26

Евразийн эдийн засгийн холбоотой “Чөлөөт худалдааны түр хэлцэл”-ийг 3 жилийн хугацаанд байгуулж, 366 бүтээгдэхүүнийг манай улс экспортлохоор болсон. Уг хэлэлцээрийг байгуулснаар дотоодын эдийн засагт сөргөөр нөлөөлнө хэмээн оны өмнө багагүй шүүмж дагуулж байв. Тэгвэл хэлцлийн нөлөөний шинжилгээг МУИС-ийн Бодлогын судалгааны лабортори хийснийг танилцуулъя.

Нийтлэлийг зургаах харах бол энд дараарай.

Худалдааны тэнцэл

Монгол Улс 2024 онд ЕАЭЗХ-ны орнуудад 110.1 сая долларын бараа экспортолж, 2.9 тэрбум долларын бараа импортолсон нь худалдааны балансын алдагдал нэмэгдсээр байгааг харуулж байна. Мөн Монгол Улсаас экспортолж буй бараа нийт экспортод сүүлийн 6 жилийн хугацаанд 1 орчим хувийг эзэлж байгаа бол импортод 25-30 орчим хувь эзэлжээ. Үүнээс дүгнэхэд, Монгол Улс ЕАЭЗХны орнууд руу экспортлох барааны хэмжээ бага байсаар ирсэн, харин импортын хувьд ЕАЭЗХ-ны зах зээлээс ихээхэн хамааралтайгаар бараа оруулж буй үр дүн нь Монголын дотоод үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар, эдийн засгийн бааз дээр сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.

ОХУ-ын хамаарал

ЕАЭЗХ-ны орнуудаас Монгол Улсын авч буй нийт импортын 95-аас дээш хувь нь зөвхөн ОХУ-д ногдож байна. ЕАЭЗХ-ны гишүүн орнуудтай хийж буй нийт экспортын 90 гаруй хувь нь зөвхөн ОХУ-д ногдож байгаа. Монгол Улсаас ОХУ-д экспортолж буй гол нэрийн барааны гаалийн тарифыг түр хэлэлцээрийн хүрээнд “0" болгосноор экспорт маш бага хэмжээгээр нэмэгдэхээр байна. Мөн ЕАЭЗХ-ны орнуудын хувьд экспортын харьцангуй давуу талтай буюу Монгол Улсад нийлүүлэх боломжтой 193 нэр төрлийн барааны 30 гаруй хувь нь мал, амьтан, ургамлын гаралтай болон хүнсний бүтээгдэхүүн байгаа нь анхаарал татсан. Энэ нь Монгол Улс хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх хөтөлбөртэй зөрчилдөх эрсдэл үүсгэх магадлалтай юм.

Мах

Үхрийн махан нөөшилсөн бүтээгдэхүүний 20 хувийн гаалийн тарифыг “0” болгосноор экспорт 0.3 сая доллар, адууны махны 15 хувийн гаалийн тарифыг “0” болгосноор 1.7 сая долларын өсөлт гарахаар байгаа манай экспортын барааны өрсөлдөх чадвар сул байгааг харууллаа. Хэдийгээр махны квотыг түр хэлэлцээрийн хүрээнд цуцалж болох ч эрүүл ахуйн болон стандартын шаардлагыг хангахад ихээхэн хүндрэл үүсдэг. ОХУ-ын зах зээлд адууны мах экспортлоход 38 төрлийн тарифын бус шаардлага тавьдаг бөгөөд үүнээс 33 нь эрүүл ахуйн асуудалтай холбоотой.

Тиймээс эдгээр шаардлагыг биелүүлэхгүй бол тариф “0” болоод ч Монгол Улс мах махан бүтээгдэхүүнээ тус холбоонд төдийгүй ОХУ-д экспортлох боломж хязгаарлагдах юм.

Түүнчлэн ОХУ нь дэлхийн эхний тавд орох махны үйлдвэрлэгч, экспортлогч орон, нөгөө талаас холбооны гишүүн Беларустай үхрийн махны экспортоор өрсөлдөх боломж байхгүй.

Бусад бүтээгдэхүүн

Монгол Улсын импортын архины гаалийн 40 хувийн тарифыг “0” болгосноор ОХУ-аас импортолдог архи 95 орчим хувиар нэмэгдэхээр байгааг анхаарах шаардлагатай. Мөн өтгөрүүлсэн эсвэл өтгөрүүлээгүй, сахар болон бусад чихэрлэг амтлагч, амт үнэр оруулагч нэмсэн эсвэл нэмээгүй, жимс, самар, какаогийн хольцтой эсвэл хольцгүй цөцгийт сүү, зөөхий, хоормог, тараг болон ферментжүүлсэн эсвэл исгэсэн бусад сүү, цөцгий (HS 040390)-ний 15 хувийн тарифыг “0” болгосноор импорт 70.3 хувиар нэмэгдэх тооцоо гарсан.

Монгол Улс сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, тухайлбал сэрүүний улиралд шингэн сүүний нийлүүлэлтэд урамшуулал олгосноор 2020 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдсэн, гэтэл импорт нэмэгдсэнээр дотоодын үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлэхээр байна.

Монгол Улс автобензиний 99 орчим, дизелийн түлшний 88 орчим хувийг ОХУ-аас импортолж байгаа ба хэлэлцээрийн хүрээнд гаалийн тарифыг “0” болгосноор 6-8% нэмэгдэхээр байгаа ч төсвийн орлогод гол нөлөө үзүүлнэ

Евразийн эдийн засгийн холбоо худалдааны чиглэлээр гадаад орнуудтай

ЕАЭЗХ 2015 онд анхны ЧХХ-ийг Вьетнамтай байгуулсан ба 2020 он гэхэд ОХУ, Вьетнамын хоорондын худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүрнэ гэж төсөөлсөн ч энэ үр дүндээ хүрээгүй

Мөн энэ хэлэлцээрийн дараа Индонез, Сингапур, Малайз, Камбож зэрэг орнууд ийм хэлэлцээр байгуулах санал тавьсан гэх боловч одоогоор Индонез, Сингапуртай 4-7 жилийн хугацаанд хэлэлцээ үргэлжилж байгаа ажээ.

Ирантай 2018 онд ЧХХ байгуулах түр хугацааны хэлэлцээрийг 3 жилийн хугацаатай байгуулсан ба 2023 онд ЧХХ болгож, 2024 оны 6 дугаар сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн.

ЕАЭЗХ-той ЧХХ байгуулахдаа талууд зөвхөн одоо мөрдөж буй нэн тааламжтай гаалийн тарифыг “0” болгох асуудал ярихаас нэмүү өртгийн албан татвар (НӨАТ), онцгой албан татвар зэрэг дотоодын татварыг хөндөхгүй.

Тэгэхээр худалдааны гол түнш ОХУ-ын НӨАТ 20% -ийн татварыг төлөх ба Монгол Улсын НӨАТ 10% гэдгийг анхаарах нь зүйтэй.

Үр нөлөө

Экспортын үнэ буурахад гадаад валютын орлого багасах, валютын ханшийн савлагаа ихсэх, гадаад худалдааны тэнцэлд сөрөг нөлөө үзүүлэх зэрэг макро эдийн засгийн дараах нөлөөлөл үүсдэг. Түүнчлэн үйлдвэрлэгчийн үнэ буурснаар бизнесүүдийн ашигт ажиллагаа багасаж, цалин хөлс, хөрөнгө оруулалтын чадавх хумигдана. Энэ нь эдийн засгийн нийт тэлэлтийн хурдац буурахад хүргэх магадлалтай. Богино хугацаанд үнэ буурсан нь хэрэглэгчдэд эерэг мэт боловч урт хугацаанд энэ нь ашгийн түвшин, ажлын байр, цалин, татварын орлого, хэрэглээ, хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэгт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн тогтвортой байдал алдагдах эрсдэлийг бий болгоно.

Мөн импортын үнийн огцом бууралт нь тухайн салбарын зардлыг багасгах давуу талтай ч, урт хугацаандаа дотоодын үйлдвэрлэлийн чадавхыг доройтуулах, гадаад хамаарлыг нэмэгдүүлэх эрсдэлийг дагуулж болохыг анхаарах ёстой.

ЧХХ-ийн үр дүнд аж үйлдвэрийн болон ХАА-н салбаруудад капиталын болон хөдөлмөрийн зардал огцом буурч, эдгээр салбарын дотоод эдийн засгийн оролцоо, өрсөлдөх чадвар суларч байгааг харуулж байна. Харин барилга, тээвэр, олборлох салбарууд харьцангуй өсөлттэй байгаагийн шалтгаан нь дотоодын хэрэглээ, бүтцийн онцлог, импортын дарамт багатай байдал юм.

Динамик Ерөнхий Тэнцвэрийн загварын үр дүнгээр зарим голлох үр дүнг дурдвал, ЕАЭЗХ-тай ЧХХ байгуулснаар бодит ДНБ-ий хэмжээг 6.1 хувиар бууруулахаар байна.

Онолын хувьд гадаад худалдааг нэмэгдүүлж, урт хугацаанд үр ашигтай мэт боловч Монголын эдийн засгийн хувьд бэлтгэл муутай, дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар сул байгаагийн улмаас бодит ДНБ буурах, цалин орлого хумигдах, нийт баялгийн хэмжээ багасах эрсдэлтэй. Иймд ЧХХ байгуулалтын үр нөлөөг зөв тооцож, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний хөгжлийг дэмжих, экспортын тэлэлтийг дэмжих, ажлын байрыг хамгаалах чиглэлийн шийдвэртэй эдийн засгийн бодлого нэн шаардлагатай юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe