Саудын Арабын Эр Рияд хотод болсон энхийн хэлэлцээний дараа Орос, Украины зүгээс АНУ-тай тус тусдаа гэрээ байгуулан Хар тэнгис дэх хөлөг онгоцнуудад цэргийн цохилт өгөхөө зогсоох тохиролцоонд хүрчээ.
Гэвч ОХУ-ын талаас хүнс болон бордооны худалдааны эсрэг авсан хоригийг цуцалсны дараа л Хар тэнгист гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болно гэж мэдэгдсэн юм. Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Манай улс Украинд итгэхгүй байна. Бидэнд тодорхой баталгаа хэрэгтэй" гэжээ.
Харин Украины Ерөнхийлөгч Зеленский “Орос гэрээг зөрчвөл АНУ-аас илүү их дэмжлэг авах болно” гэдгээ илэрхийлсэн юм.
АНУ-ын Засгийн газрын төлөөлөгчид хоёр талын эвлэрэлд зуучлах зорилгоор Москва, Киевийн хэлэлцээчидтэй Эр-Риядад тус тусад нь уулзсан байна. Өөрөөр хэлбэл Орос, Украины төлөөлөгчид шууд нүүр тулж уулзаагүй юм.
Мөн Орос, Украины талууд эрчим хүчний дэд бүтцэд харилцан довтлохгүй байх нөхцлийг зөвшөөрсөн тухай АНУ-ын мэдэгдэлд өгүүлжээ.
Сэтгэгдэл үлдээх