Мөрийтэй тоглоом хориглох хуулийн төсөл өргөн барилаа

.Graph
2025-03-26

Монгол улсад төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг бүрэн хориглохоор УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлж, нэн яаралтай горимоор хэлэлцэж өгөхийг хүслээ.

Үүнд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл багтаж байгаа аж.

Н.Учралын мэдээлснээр сүүлийн 3 жилийн хугацаанд давхардсан тоогоор хууль бус мөрийтэй тоглоомын 350-450 орчим сайт үйл ажиллагаа идэвхтэй явуулж ирсэн бөгөөд цахим болон бооцоот мөрийтэй тоглоом эрхэлдэг гадаадын хуулийн этгээдийн үйл ажиллагаа түгээмэл байгаа нь шийдвэрлэх зайлшгүй тулгамдсан асуудал болжээ.

Бооцоот тоглоомын сайтаар дамжуулан гэмт хэргийн замаар олсон хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул цахимаар хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулсан 6036 домэйн хаягийн Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлаад байгаа аж.

Хуулийн төсөлд дараах өөрчлөлт тусгагдсан байна.

  •  Монгол улс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын чиглэлээр тусгай зөвшөөрөл олгохгүй. Өмнө олгосон бүх зөвшөөрлүүд хүчингүй болно.
  • Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлсэн, зуучилсан үйлдлийг гэмт хэрэгт тооцно.
  • Иргэн өөрийн нэр дээрх данс, виртуал хөрөнгө, утасны дугаар зэрэг мэдээллээ ашиглуулж болохгүй. Ашиглуулсан тохиолдолд Эрүүгийн хуулиар торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих хүртэл шийтгэнэ.
  • Төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилж, уриалахыг хориглоно. Хэрэв хууль зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ.

Төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураана.

Хууль батлагдсанаар цахим мөрийтэй, бооцоот тоглоомын хэрэглээ 65% хувиар буурч, жил бүр 1.7 их наяд төгрөг гадагш гарахаа больж, хууль хяналтын байгууллагаас нийтийн эрх ашгийн төлөө хяналт тавьж, арга хэмжээ авдаг болно гэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe