УИХ Монгол Улс БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлав

.Graph
2025-03-27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Монгол, Хятадын талын Ажлын хэсгийн хамтарсан хуралдаанаар Талууд үндсэн гурван шатны баримт бичиг байгуулахаар тохиролцжээ. Хятадын талаас дээрх гэрээнүүдийн төслийг тохиролцох асуудлыг хэлэлцэх саналыг тавьж байгаа бол Монголын талаас Засгийн газар хоорондын гэрээг байгуулснаар бусад гэрээг хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. 

Хэлэлцээрийн хувьд Монголын талаас:

1/ төмөр замын царигийн өөр өөрийн стандарт, дүрэм журмыг мөрдөх, төмөр зам ашиглалтад орсны дараа гуравдагч талын ачаа мөн тээвэрлэнэ,

2/ төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг нэг зурагтай, нэг гүйцэтгэгчээр хийлгэнэ,

3/ суурь үнийг хамгийн сүүлд баталгаажсан үнээр тогтооно гэсэн зарчмын саналыг Хятадын талд хүргүүлсэн байна.

Хятадын талаас эхний санал буюу өөр өөрийн царигийн стандарт, дүрэм журмыг баримтална гэдэг саналыг хүлээн авч, нүүрсний анхны үнийг “урт хугацааны гэрээний хамгийн өрсөлдөхүйц үнэ”-ээр тогтоох саналыг ирүүлсэн байна. Хоёрдахь санал буюу барилга угсралтын ажлыг нэг гүйцэтгэгчээр хийлгэх асуудлыг Хятадын тал хүлээн аваагүй тул ойрын үед Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу барилгын ажлын гүйцэтгэгчийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт тендер зарлаж сонгон шалгаруулахаар ажиллаж байгаа юм байна. 

Хил дамнасан төмөр замын өртгийг бууруулах зорилгоор БНХАУ-ын гүүр, төмөр замын барилга угсралтын төрийн өмчит томоохон 2 /CRCC, CREC/ компанитай уулзалт зохион байгуулж тус бүтээн байгуулалтын ажлын өртөг, барилга угсралтын хугацааг бууруулах чиглэлээр хэлэлцэж 270 сая ам.доллараас 220 сая ам.доллар болгон 50 сая ам.доллароор, барилга угсралтын ажлыг 30 сар байсныг 22-24 сар болгон тус тус бууруулжээ. 

Уг хэлэлцээрийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 110 гишүүний 98 нь дэмжсэнээр соёрхон батлав. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe