УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар шүүхээр оногдуулсан ялыг хойшлуулах хүсэлт өгчээ

Ц.Чимэдцэеэ
2025-03-27

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар "Хөгжлийн банкны" гэх хэрэгтэй холбоотойгоор нийтийн албанд томилогдох эрхээ 2 жил хасуулж, 20 сая төгрөгөөр торгуулах ял шийтгүүлсэн.

Тэгвэл уг шийдвэрийг гаргасан УДШ-д хүсэлт илгээсэн талаараа "Ntv" телевизэд мэдээлсэн байна. Энэ талаар УДШ-ээс тодруулахад, тус гишүүнтэй холбоотой хоёр албан бичиг энэ сарын 10-нд ирсэн гэв.

Тухайлбал,

Төрийн байгууллалтын байнгын хороон дарга Ж.Бат-Эрдэнээс шүүхийн тогтоолтой холбоотой мэдээлэл өгөхийг Ерөнхий шүүгч Д.Ганзоригт хаяглажээ.

Нөгөө бичгийг Дав.Цогтбаатар гишүүн өөрөө Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаярт илгээсэн ба хоёр асуудлыг дурджээ.

Нэгдүгээрт, шүүхээр оногдуулсан ялыг УИХ-ийн гишүүнээр ажилласны дараа эдлүүлэхээр хойшлуулах боломжтой эсэх. Хоёрдугаарт "Хөгжлийн банкны" гэх хэргийн тус гишүүнд холбогдох хэсгийг дахин судалж, хэлэлцүүлэх талаар судалж өгөхийг хүссэн байна. Түүнд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлээр УДШ хэлэлцсэн байдаг.

Тэгвэл шүүхийн зүгээс хариу албан бичиг хүргүүлэхээр бэлдэж байгаа ба онолын болон практикийн хувьд судалгааны шатандаа байна хэмээн мэдээллээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Үндсэн хуульд УДШ-ийн шийдвэр эцсийн байхаар заасан байдаг.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe