"Дэлхийн цирк Монголд" тоглолт 13 дахь жилдээ дөрөвдүгээр сарын 12-оос тавдугаар сарын 11-ны хооронд Степпе аренад болно.
Ерөнхий продюсер, санаачлагч Н.Эрдэнэ "Энэ удаагийн тоглолтод олон улсын тэмцээнд алт, мөнгөн медаль авсан номерууд, дэлхийн циркийн урлагт ноёрхож байгаа уран бүтээлчид хүрэлцэн ирнэ" хэмээн мэдэгдлээ.
Тухайлбал, дэлхийн номер нэг алиалагч, Итали гаралтай Дэвид Ларибле Монголд ирэхээр урилга хүлээн авчээ. Түүнийг гурав, дөрвөн жил хөөцөлдөж байж зөвшөөрүүлж чадлаа хэмээн Продюсер Н.Эрдэнэ онцолсон. Ийнхүү анх удаа азийн улсад ирж байгаа аж.
Мөн Монгол, Америк, Герман, Итали, Аргентин, Колумб, Орос, Иран, Беларусь, Украйн, Убекстан, Казахстан зэрэг 15 орны олон улсын нэр хүндтэй циркийн жүжигчид болон сургуультай амьтад циркийн гайхалтай, сэтгэл догдлуулсан үзүүлбэрийг үзүүлнэ хэмээв.
Үнийн хувьд 0-4 насны хүүхэд үнэ төлбөргүй. 5-аас дээш насныхан суудлын байршлаас хамаарч 20-100 мянган төгрөг. Мөн бага насны хүүхэдтэй гэр бүлд зориулсан 12 хүний суудалтай тусгай өрөөнд нэг суудлыг 80 мянган төгрөгөөр авч болох юм.
Мөн Степпе аренагийн менежер Ц.Энхбаяр "Тус тоглолтыг 3 жил зохион байгуулж байгаа ба нэг үзүүлбэр давтагддаггүй гэдгээрээ онцлог" хэмээн цохон тэмдэглэв.
Сэтгэгдэл үлдээх