Монголын татварын алба татвар төлөгчид зөвлөн туслагч алба байна

.Graph
2025-03-28

Монголын татварын алба Төсвийн орлого бүрдүүлэх чиг үүргийн хүрээнд 2024 онд татварын алба улсын төсөвт 12,2 их наяд, орон нутгийн төсөвт 5,7 их наяд төгрөг, нийт 17,9 их наяд төгрөг төвлөрүүлж, орлогыг төлөвлөгөөний гүйцэтгэл 110 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Энэ нь Монгол Улсын нийт төсвийн орлогыг 58 хувийг эзэлж байна. Мөн татварын албаны 2021-2024 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилт 93.09 оноо буюу маш сайн хэрэгжсэн үнэлгээтэй гарчээ.

Харин 2025 оны онд Монголын  татварын албаны онцлох ажлуудын талаар Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн Доктор (Ph.D) “2025 он бидний хувьд нэлээдгүй томоохон ажлуудыг өрнүүлсэн жил байх болно. Онцлох ажлаас дурдвал 1-рт Татварын хуулийн багц шинэчлэл, 2-рт Монголын татварын албаны 2025-2028 оны стратеги төлөвлөгөө, 3-рт Олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн хэд хэдэн үүргийг хэрэгжүүлэх багц асуудал, 4-рт Цахим татварын албаны хөгжүүлэлтийн асуудал, 5-рт Төсвийн орлогыг бүрдүүлэх томоохон төлөвлөгөөт даалгавар зэргийг хэлэхээр байна” гэсэн юм.

Мөн 2024 онд татварын албанд УИХын дарга, Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд айлчлан ирж албаны үйл ажиллагаатай танилцаж, татварын хуулийн шинэчлэлийг иргэд, олон нийт, татвар төлөгчдийн саналд тулгуурлаж хийхийг чиглэл болгосны дагуу Засгийн газар, Сангийн яамтай хамтран ажиллаж байна. 

Татварын багц хуулийн шинэчлэлийн ажлыг 2025 оны 01 дүгээр сарны 20-ны өдрөөс эхлэн улс орон даяар 187 удаагийн татварын хуулийн санал асуулга, хэлэлцүүлгийг өрнүүлж 12,900 татвар төлөгчийг хамруулан, цахимаар болон албан бичгээр 176,059 санал авч нэгтгэн, Сангийн яамтай хамтран Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэсэн байна.

Энэ удаагийн шинэчлэлийн зорилго нь иргэд, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, татварын дорвитой хөнгөлөлтийг үзүүлж иргэдийн татварын ачааллыг бууруулах, Татвар төлөгчийн тогтвортой үйл ажиллагаа явуулах, хуримтлал үүсгэх, өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын татварын ачааллыг бууруулах, Татварын алба татвар төлөгчдөд зөвлөн, тусалдаг, татварын эрсдэлээс урьдчилан сэргийлдэг тогтолцоо руу шилжих, Бүсчилсэн татварын бодлого хэрэгжүүлж, татвар төлөгчид ногдуулах орлогыг татварын хувь хэмжээг бие даан шийдвэрлэх боломж олгож төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх боломжийг олгоход чиглэсэн аж.

Татварын албан нь 2025 онд  21,406.6 тэрбум төгрөгийн төсвийн орлого төвлөрүүлэх томоохон даалгавартай ажиллаж байгаа юм байна. Татварын багц хуулийн шинэчлэлээр татвар төлөгчдийн ачааллыг бууруулах боловч татварын бааз суурийг өргөтгөх, ачааллыг багасгаж сайн дураар татвараа тайлагнаж төлөх, ил тод нээлттэй, шударга, цахим, хялбар, жигд татвар төлснөөр орлогын төлөвлөгөөгөө биелүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe