Турк улсад өрнөж буй эсэргүүцлийн жагсаалын үеэр 1879 хүн баривчлагджээ

Б.Сувданзаяа
2025-03-28

Туркийн сөрөг хүчин болох Бүгд Найрамдах Ардын намын гишүүн, Станбул хотын дарга Экрем Имамоглуг өнгөрсөн лхагва гарагт эрх баригчид авлига албан тушаалын гэмт хэрэг болон террорист байгууллагад тусалж дэмжсэн зэрэг хэргүүдэд буруутган баривчлан саатуулаад байгаа билээ.

Ийнхүү Имамоглу баривчлагдсанаас хойш гудамжинд асар олон хүн цугларч эсэргүүцлийн жагсаал хийж буй нь тус улсад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тохиолдсон хамгийн том жагсаал болж байна. Дотоод хэргийн сайд Али Йерликая хэлэхдээ тус жагсаалын үеэр 1879 хүн баривчлагдаж, тэдний 260 нь шоронд хоригдож, шүүх хурлаа хүлээж байгаа талаар мэдэгдсэн юм. 

Ихэнх залуучуудыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, усан буу ашиглаж байгаа юм. Олон улсын барууны байгууллагууд Туркийн цагдаа нарыг хэт их хүч хэрэглэж байна гэж шүүмжилж байна. 

Мөн тус жагсаалын үеэр Туркийн эрх баригчид ВВС-ийн сурвалжлагч Марк Лоуеныг жагсаалыг сурвалжилсны дараа "нийгмийн хэв журамд заналхийлсэн" хэмээн саатуулж, албадан гаргасан байна. Лоуэнийг албадан гаргахаас өмнө 17 цагийн турш саатуулсан гэж ВВС-ийн мэдээлсэн юм. 

Франц Пресс агентлагийн гэрэл зурагчин мөн түүнээс гадна 7 сэтгүүлчийг баривчилсан ч дараа нь сулласан гэж Туркийн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл мэдээлээд байна. Мөн орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд болох SZC TV, Halk TV, Tele 1, NOW телевизүүдэд жагсаал цуглааныг шууд дамжуулсан тохиолдолд торгууль ногдуулж, зарим нэвтрүүлгийг түдгэлзүүлсэн юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe