УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна.
Тов ёсоор долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт иргэдийг төлөөлөн бодлого боловсруулж буй УИХ-ын 126 гишүүн чуулж, бүх нийтэд нээлттэй, ил тод хуралддаг.
УИХ-ын намрын чуулган нээсэн цагаас хойш анх удаа энэ долоо хоногт асуудал хэлэлцсэн.
Энэ дунд “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан” байснаараа онцлог.
Уг тайланг чуулганы хэлэлцэх асуудлын дарааллаар өчигдөр буюу пүрэв гарагийн үдээс хойш хэлэлцэх байсан ч Засгийн газрын гишүүд байхгүй гэх шалтгаанаар хойшилсон.
Улмаар өнөөдөр хэлэлцсэн ба Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох тайлан мэдээллээ танилцуулсан юм. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүд гүйцэтгэлийн тайлан, түүний үнэлгээтэй холбоотой сайдуудаас асуулт асуусан ч тэд чуулганыг орхисон байлаа.
Тухайлбал УИХ-ын гишүүн П.Батчимэг “Бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах зорилгын биелэлтийг 70 хувь гэж үнэлсэн байна. Энэ бол Хувь хүний орлогын албан татварын тухай хуультай холбоотой. Хуульд заасны дагуу шатлалаар аваад үзэхээр энэ зорилго ийм өндөр үнэлэгдэх боломжтой эсэх нь эргэлзээтэй байгаа ба Сангийн сайдаас тодруулмаар байна” гэсэн юм.
Энэ үеэр УИХ-ын дарга "Сангийн сайдыг дууд" хэмээсэн ч дэг зөрчин түүнд мэдэгдэлгүйгээр чуулганыг орхин гарсан байгааг хэлэв.
Ийнхүү хэд хэдэн сайдын хариуцсан асуудлаар гишүүд асуулт асуусан ч тодорхой хариулт авч чадахгүй байгаагаа илэрхийлж байлаа. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “Атрын IV аян эхэлж буйтай холбоотой Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд Дарханд явж байгаа” гэв.
Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлийн 2-т “Засгийн газар үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана” хэмээн тусгасан.
Иймд өнөөдрийн хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн асуулт, тодруулгад хариулах нь Засгийн газрын гишүүдийн Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг аж.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Өнөөдрийн хэлэлцэх асуудлыг дөрөвдүгээр сарын 1-ний дотор батлах ёстой. Гэтэл эдийн засгийн чухал ач холбогдолтой асуултад хариулах хүн алга. Яах уу, Н.Учрал гишүүн ээ” зэргээр уулга алдахад хүрч байв.
Сэтгэгдэл үлдээх