ТОЙМ: Улсууд Мьянмар руу тусламж илгээж байна

.Graph
2025-03-31

Мьянмар улсад болсон газар хөдлөлтийн талаар тойм мэдээг хүргэж байна. 

2025 оны 3-р сарын 28

Мьянмар улсын Сагаинг мужид 12:50 цагт 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай АНУ-ын Геологийн алба мэдэгдсэн. Газар хөдлөлтийн голомт нь Mandalay мужийн ойролцоо бөгөөд Сагаинг хотоос баруун хойд зүгт, 10 км-т байсан гэж тус албаны мэдэгдэлд дурдсан юм. Энэхүү газар хөдлөлт нь 1912 оноос хойш Мьянмарт болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт юм. 

Хүчтэй чичиргээ Мьянмарын хөрш Тайланд улс болон Хятадын баруун өмнөд Юньнань мужуудад мэдрэгдэж, Бангкок хотод байшин барилга нуржээ. Мөн Тайландын Бангкок хотын хойд хэсэгт баригдаж буй 30 давхар барилга нурж 43 барилгачин нурангид дарагдан сураггүй болсон аж. Үүнтэй холбогдуулан Бангкок хотод онц байдал зарласан.

Энэхүү газар хөдлөлтийн дараа хэд хэдэн бага хэмжээний хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдсэн байна. 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш 12 минутын дараа 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт эхний голомтоос 18 км зайд Сагаинг хотын өмнөд хэсэгт болсон. 

2025 оны 3-р сарын 29

Мьянмарын газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 1600 гаруйд хүрсэн гэж эрх баригчид мэдэгдсэн юм. Шархадсан хүний ​​тоо 3408 болж, сураггүй алга болсон хүмүүсийн тоо 139 болжээ. Цусны уут, мэдээ алдуулагч, туслах хэрэгсэл зэрэг эмнэлгийн хэрэгслийн хомсдол нь эмнэлгийн тусламжийн ажилд хүндрэл учруулж байгаа аж. Мөн орон сууц эвдэрсэн эсвэл цаашид газар хөдлөлт болохоос болгоомжилсны улмаас гудамж, задгай талбайд мянга мянган хүн хонож байна гэж НҮБ-аас мэдээлжээ. 

2025 оны 3-р сарын 30

Мандалай хотын баруун хойд хэсэгт 5.1 магнитудын хүчтэйгээр дахин газар хөдөлсөн байна.

Мьянмарт тусалж буй улс, олон улсын байгууллагууд

Мьянмарын цэргийн эрх баригч Мин Аун Хлайн зургаан бүс нутагт онц байдал зарласныг мэдэгдээд олон улсаас хүмүүнлэгийн тусламж хүссэн юм. Улс орнууд болон олон улсын байгууллагууд тус улсад аврах баг, эмнэлгийн тоног төхөөрөмж зэргээр тусламжаа илгээж байна.

Малайз улс: Ням гарагт 50 аврагч илгээнэ гэж мэдэгдсэн.

Хонконг: 51 хүний бүрэлдэхүүнтэй баг есөн тонн орчим төрөл бүрийн тоног төхөөрөмжийн хамт Мьянмарт буусан. 

Хятад улс: 37 хүний ​​бүрэлдэхүүнтэй аврах, эмнэлгийн баг бямба гарагийн өглөө тус улсад очсон бөгөөд анхны олон улсын аврах баг болсон. Тус баг нь 112 иж бүрэн ажиллагаатай амьдрал мэдрэгч, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх систем, зөөврийн хиймэл дагуул, нисгэгчгүй онгоц болон бусад яаралтай тусламжийн материалаар тоноглогдсон гэж CCTV мэдээлсэн юм.

Энэтхэг улс: 118 хүний ​​​​эмнэлгийн баг илгээгдсэн. Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр эрэн хайх, аврах баг, тусламж ачсан хоёр хөлөг онгоцны хамт ажилласан байна.

ОХУ: Путин тус улсын цэргийн удирдагчид гүн эмгэнэл илэрхийлсэн гэж Оросын төрийн мэдээллийн агентлагаас мэдээлсэн. Орос улс олон тооны тусламжийн хэрэгсэл, ажилтнуудаа мөн илгээх юм.

АНУ: Ерөнхийлөгч Дональд Трамп газар хөдлөлтийг "аймшигтай" гэж тодорхойлж, АНУ Мьянмарт туслахаа амласан. Тэрээр "Бид туслах болно. Бид аль хэдийн тус улстай ярилцсан" хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн.

Европын холбоо: 2,5 сая еврогийн анхны тусламж үзүүлэхээ мэдэгдсэн бол Улаан загалмай олон улсын тусламжийн байгууллага 100 сая ам.долларын тусламж үзүүлэхээр хандив цуглуулж эхэлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe