Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох санал гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл АТГ-ын дарга З.Дашдаваагаас энэ талаар тодруулсан юм.
Тэрбээр “Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын даргыг улируулан томилуулъя гэдэг асуудлыг УИХ-д оруулж байна. Ерөнхий сайд Авлигатай тэмцэх хүрээнд надтай хамтарч ажиллах боломжтой юм байна гэж үзсэн юм болов уу гэж би бодож байна” гэв.
Жил бүр авлигын төсөөллийн индексийг тодорхойлохдоо 9 индикаторын мэдээллийг нэгтгэж, 180 орноос жагсаадаг. Манай улс хамгийн дээд тал нь 39 оноог 2015 онд авч байсан. Түүнээс хойш 35, 33 гэхчлэн оноо нь буурч, өнөөдрийн байдлаар 180 орноос 114-т жагсаж байна.
Энэ тухай тэрбээр “Бидэнд төсөөллийн индексийн хүрээнд 5, 6 зөвлөмж өгдөг.
Бид дээрх зөвлөмжүүдийг хүлээж аваад, 2023 онд найман жил хэрэгжих Үндэсний хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд АТГ-ын ажил хэрэгжиж, засаглал сайжраад, хууль тогтоомжууд гарч, иргэд, олон нийт тодорхой мэдээлэл аван, ил тод болж, төрийн алба хүнд сурталгүй болбол авлигын төсөөллийн индекс ирэх жилээс тодорхой хэмжээгээр өсөж, байр урагшилна гэж бодож байгаа.
Ер нь 50-иас дээш оноотой индексийг баруун Европын орнууд болон өндөр хөгжсөн орнууд авдаг бөгөөд энэ нь авлигатай тэмцэж чадаж байгаа гэсэн үг. Харин төрийн худалдан авалт, нийгмийн салбарын худалдан авалтууд хөгжиж буй орнуудад их байдаг тул манай улсын хувьд боломжгүй. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэг, зам барих шаардлага тулгараад байгаа учир үүнийг төр худалдан авч хийхээс өөр аргагүй.
Тэгэхээр төрийн оролцоо их байгаа учир манай улсын авлигын төсөөллийн индекс ойрын хугацаанд өсөх боломж муутай.
Миний хувьд зургаан жил ажиллахдаа их олон хэргийн ард гарсан. Тухайлбал, нүүрсний хэрэг, хөгжлийн банкны хэрэг гэхчлэн олон асуудалд манай байгууллага манлайлан ажилласан. Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх нь их цаг хугацаа шаарддаг ажил. Ажиллаж буй хэрэг бүр олон шатны шүүхээр хэлэлцэгдэж, тодорхой процесс өрнөдөг тул цаг их ордог” хэмээсэн юм.
Түүний өгсөн мэдээллээс харахад, Үндэсний хөтөлбөр хэрэгжвэл авлигын индекс өсөж, байр урагшилна гэсэн хэр нь төрийн оролцоо нийгмийн салбарт зайлшгүй байх ёстой учир манай улсын авлигын төсөөллийн индекс ойрын хугацаанд өсөх боломж муутай хэмээн хоёр үзүүртэй хариулт өгчээ.
Сэтгэгдэл үлдээх