“Тусгаар тогтнол” шүлгийг 3333 сурагч уншиж, Хэнтий аймагт шилжин явах цом гардууллаа

Ж.Номин
2025-04-04

“Тусгаар тогтнол 3333” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Тодруулбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг өнөөдөр /2025.04.04/ 3333 сурагч Сүхбаатарын талбайд Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсож уншлаа. 

Түүнчлэн “Тусгаар тогтнол 3333” шилжин явах цомыг Хэнтий аймагт гардууллаа.

Тус цомыг монгол орны дөрвөн зүгийг бэлгэдэж дөрвөн өндөг, дөрвөн талтай хийсэн бөгөөд түмэн настыг урлан хөгжил төгсгөлгүйг бэлгэджээ. Цомын орой дээр дөрвөн хүчтэнг байрлуулан, түүний хажууд монголчуудын эртний овог аймгуудын сүлд, өнөөгийн Монгол Улсын үндэстний бахархалт шувуу шонхрыг байрлуулжээ.

Цомын дөрвөн талыг тайлбарлавал, нүүрэн талд нь их эзэн Чингис хааны хөргийг монголчуудын мандан бадарч байсан он тооллын хамт сийлсэн бол нөгөө талд нь төрийн гэрэгэн дээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийн “Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлана” гэсэн шүлгийн мөрийг сийлжээ. Цомын нэг талд өнөөгийн бугын чулуун хөшөөг сийлбэрлэн, өнөөг хүртэл тусгаар тогтнолоо хадгалан ирсэн баатарлаг түүхээ бэлгэдсэн бол нөгөө талд нь уг арга хэмжээг Монгол Улсын хэмжээнд анхлан санаачилсан "Оюуны ундраа" цогцолбор сургуулийн лого, үүсгэн байгуулагдсаны 20 жил, шүлгийг уншсан 3333 сурагчийн тоо, уншсан огноог тэмдэглэжээ.

Эх оронч сэтгэлийг бэхжүүлэх, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, өвөг дээдсээ хүндэтгэн, үүх түүхээ мэдэх, судлах сэдлийг хүүхэд, багачуудад бий болгох зорилготой "Тусгаар тогтнол" шүлгийг унших арга хэмжээг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн төв цэг, төв талбайд зэрэг эхлүүлсэн юм.

Эргэн сануулахад, 2017 онд Баянгол дүүргийн "Оюуны ундраа" цогцолбор сургуулийн 20 жилийн ойгоор 3333 сурагч Сүхбаатарын талбайд Монгол Улсын газрын зургийг бүтээж, тус шүлгийг дуу нийлүүлэн уншиж байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe