Н.Алгаа: Хуулиараа төрийн өмчид байгаа ордын 34 хувийг авах нь эрх зүйд нийцэхгүй

.Graph
2025-04-04

Хэвлэл мэдээллийн салбарын ШИНЭ ХАМТРАЛ – “Анализ Шоу, Засаглал ба Зах зээл” шууд хөтөлбөрийн найм дахь дугаар дөрөвдүгээр сарын 3-нд цацагдсан. Тус дугаарт УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч асан Н.Алгаа оролцож, “Стратегийн ордууд ба төрийн хувь эзэмшил” сэдвээр хөтлөгч О.Одгэрэлтэй ярилцжээ. 

Стратегийн орд гэж жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлдэг. Стратегийн ордтой холбоотой маргаан сүүлийн үед улс төрийн хүрээнд нэлээдгүй эрчимжиж байгаа бөгөөд хамгийн сүүлд л гэхэд ЗГХЭГ-ын дарга, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч Н.Учрал Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой Төгрөг нуурын ордын талаар ярьсан.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр: 

-Стратегийн орд гэж томьёолсон 16 орд бий. Үүн дээр 39 ордыг нэмж хамруулах ёстой гэх шийдвэр гарсан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ 39 ордыг бүртгэж, стратегийн орж гэж явуулаагүй байна. Түүнчлэн стратегийн ордын тухай хууль гараад, бүртгэлжүүлэхээс өмнө буюу 2007 онд Төгрөг нуурын ордыг оффшор компаниудаар дамжуулан зарчихсан байдаг. Гэхдээ манай улс бол ардчилсан улс.

Цэвэр бизнесийн зарчмаараа зарагдаад, Монгол Улсад татвараа төлсөн байна уу, үгүй юу. Тэр төлсөн мөнгө нь цэвэр мөнгө байна уу, угаасан мөнгө байна уу гэсэн асуулт л чухал байгаа.

Хоёрдугаарт, стратегийн ордод орох байсан ордыг оруулахгүйгээр оффшор компаниудаар дамжуулаад алга болгочихсон бол дахиад гэмт хэргийн тухай асуудал гарч ирж байгаа. Н.Учрал сайдын гаргаж ирж буй байр суурьтай санал нэг байгаа. Нэгдүгээр зарчим бол бүгдэд тэгш хандъя. Онцгойлж нэгийг нь ярихаа больё. Бүх ордуудыг жигд, тэгш ярих ёстой. Бүгдтэй нь хэлэлцээр хийх ёстой. Хоёрдугаарт, энэ 39 ордоо яаралтай стратегийн ордод бүртгэе гэдэг дээр УИХ шийдвэр гаргаж, бүгдтэй нь хэлэлцээрт орох ёстой гэх байр суурьтай байгаа. 

Харин Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч асан Н.Алгаа Төр стратегийн орд эзэмшигчдээс 34 хувь эсвэл 50 хувийг нь авах боломжтой эсэх талаар байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр: 

- Монгол Улс 1994, 1997, 2006 оны гээд өнөөдрийг хүртэл гурван Ашигт малтмалын тухай хуулийг мөрдөж ирсэн. Миний хувьд 1992 оноос хойш Ашигт малтмалын хуулиудтай бүгдтэй нь зууралдсан. 1994 оны Ашигт малтмалын тухай хуульд “стратегийн ашигт малтмал” гэсэн нэр томьёо байсан. Орд биш. Тухайн үед нөөцөөр нь хамааруулж стратегид оруулна гэхчлэн тодорхойлж байсан. 1994 оны Ашигт малтмалын тухай хуулиар бидний санасан шиг хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалт орж ирээгүй. Тэгээд 1997 оны Ашигт малтмалын тухай либерал хууль гарсан. Тэр үед Монголд таван хувилбар санал болгосноос Чили улсын хууль арай зохистой байсан тул Чилийн хуулиар буюу лицензээр дамжуулж ашигт малтмалын ордын хайгуул, олборлолт хийх болсон. Түүнчлэн хуульдаа улсын төсвөөр хийсэн хайгуулын ордуудад хайгуулын тусгай зөвшөөрөл ч авч болно, ашиглалтын тусгай зөвшөөрөл ч авч болно. Авснаас хойш таван жилийн хугацаанд улсын төсвөөс зарсан мөнгийг буцааж төлөх үүргийг хуулиар хүлээлгэсэн. Ийнхүү Монгол Улс тэр хуулийн дор буюу монголын газар нутгийн 44 хувь нь бараг лицензээр бүрхэгдсэн гэж хэлж болно. 7000 хайгуулын лицензтэй байх үед Оюутолгой нээгдсэн.

Олон улсын нийтлэг жишиг туршлагаар 1000 оролдлого тутамд нэг Оюутолгой нээгдэх байсан. Өөрөөр хэлбэл 7000 хайгуулын лицензээр 7 Оюутолгой нээгдэх боломжтой байсан. Өнөөдөр бол манай хайгуулын лицензийн тоо 600-700 орчим байгаа. 

Харин 2006 оны Ашигт малтмалын тухай хууль гарах нөхцөл нь гадаад зах зээлд үнэ өсөж, социализмын үед нээсэн ордууд ашигтай болж эхэлснээс үүдэлтэй. Тэр үед л нийтийн баялгийн буюу төрийн өмчийн 51 хувь нь ард түмэнд байх ёстой гэсэн иргэний нийгмийн байгууллагуудын шахалтын дор энэ хууль гарсан.

Хууль гарахдаа 1994, 1997 оны хуулийг хольж, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэх дэлхийд байхгүй нэр томьёотой болсон. 

Өнөөдөр бол "стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх" гэж заасан нь миний ойлгож байгаагаар бүх орд стратегийн ордод хамаарах боломжтой. 

Түүнчлэн төрийн нийтийн өмч, стратегийн ач холбогдолтой ордын өгөөжийн дийлэнх нь монголын ард түмэнд очно гэх ойлголт байгаа. Гэтэл өгөөж гэдэг нь юу вэ гэдгийг тодорхойлох аргачлал байхгүй. Тэгэхээр өгөөж нь 34, 50 гэх тоон дээр очоод стратегийн ашигт малтмалын ордын дээр нь байгаа компани хувь эзэмшлийг нь авах асуудал яригдаж байгаа.

Ашигт малтмалын тухай хуулийн 5.1, Үндсэн хуулийн 6.2-оор ашигт малтмал чинь төрийн өмч хэвээрээ л байгаад байгаа юм. Түүнийг хуваах, эзэмших ямар ч эрх зүйн бололцоо байхгүй.

Түүнийг ашиглах эрх бүхий ААН  нь төрийн өмчит ч бай, хувийн өмчит ч бай хамаагүй олборлолтоо хийгээд худалдах хүртэл нь тухайн ашигт малтмал төрийн өмч хэвээрээ л байгаа.

Тэгэхээр хуулиараа төрийн өмчид байгаа юмыг дахин 34 хувийг нь төрд авна гэдэг нь логикийн болон эрх зүйн ухагдахууны хувьд ерөөсөө нийцэхгүй байгаа юм. 

Энэ удаагийн хөтөлбөрөөр стратегийн ордууд ба төрийн хувь эзэмшлээс гадна  Баялгийн сангийн олон улсын жишиг, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр хүлээгдэж буй уул уурхайн салбарын гол хуулиудын талаар хөндөн ярилцсан байна. 

Ярилцлагын бүтнээр нь энд дарж  үзнэ үү. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe