О.Сийлэгмаа: Боловсролын зээлээ төлөөгүй иргэдийн мэдээллийг Монголбанк руу хүргүүлнэ

Ц.Чимэдцэеэ
2025-04-04

Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаад, дотоотод суралцсан иргэд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд ялгаваргүйгээр Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлжүүлэх тухай УИХ дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Засгийн газарт даалгажээ.

Энэ талаар Боловсролын Зээлийн Сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаагаас тодрууллаа.

Тэрбээр гэрээний үүргээ биелүүлээгүй иргэдийн мэдээллийг Монголбанк руу шилжүүлэхээр хэлэлцэн тохиролцсон тухайгаа мэдээлэв. Тодруулбал, Боловсролын зээлийн сангаас зээл аваад төлөөгүй иргэдийн мэдээллийг энэ сарын 15-ны дотор Монголбанк руу хүргүүлнэ. Өмнө нь дотоодын зээлдэгчид зээлээ төлөхгүй бол Монголбанкны муу зээлийн ангилалд ороод гадаадад сурах зээл авсан зээлдэгчдийнх Монголбанкны муу зээлийн ангилалд шилжихгүй байна гэсэн шүүмжлэл гарч байсан. Тэгвэл ийнхүү Боловсролын зээлийн сан, Монголбанк хамтран ажилласнаар гадаадын ч бай, дотоодын ч бай зээлээ хугацаандаа төлөхгүй, гэрээний үүргээ зөрчиж буй зээлдэгч бүр Монголбанкны муу зээлдэгч болно. Ингэснээр тухайн иргэн бусад санхүүгийн байгууллагаас зээл хүсэх боломж багасдаг билээ. 

Мөн дээрх иргэдэд  гэрээний үүргээ биелүүлж, БЗС-д мөнгөө эргүүлэн төлөхийг өнгөрсөн оны 9 дүгээр сард цахим сайтаараа, 11 дүгээр сард E-Mongolia системээр, энэ оны 3 сард сайтаараа, өнөөдрийн байдлаар дахин E-Mongolia системээр тус тус мэдэгджээ. Гэвч эргэн төлөлт төдийлөн хангалтгүй байгаа юм.

БЗС-аас 2340 гаруй иргэн 360 тэрбум төгрөгөөр гадаадад суралцсан ба 7 сайдын тушаалаар 102 тэрбум буюу 1040 иргэнийг чөлөөлсөн байна. Дотоодод суралцагчдын хувьд 2018 оноос хойш олгосон зээлийн эргэн төлөлт 98-99 хувьтай байдаг. Харин 2004-2017 онд 12 мянга орчин иргэнд олгосон 14 орчим тэрбум төгрөгийн төлбөр байгаа аж.

Гадаадад суралцсан ч гэрээний үүргээ биелүүлэхээс чөлөөлөгдсөн 1040 иргэн буюу тус тус 7 сайдын тушаалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Хэрэв сайдын тушаалыг түдгэлзүүлэх үндэслэлтэй гэвэл дээрх иргэдээс зээлээ буцаан төлөхийг мөн шаардана гэв.

Сэтгэгдэл үлдээх

цаашид ч яахав олон жил төлүүлээгүй сайдуудын тушаалаар цагаадсан нөхдийг яах гэж байна. Тэр л таны ажлын хамгийн чухал хэсэг шүү. Заавал хариуцлага тооцоорой

Лхагва

Дэмжих үү?

1 0
Newsletter Subscribe