Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР
Дэлхий дээр найман тэрбум хүн амьдардаг ч бүгд өөрийн гэсэн дурдатгал бүхий номыг туурвин буй. Номын хуудас бүрд гэгээн дурсамж, хүсэл мөрөөдөл, аз жаргалтай мөч, хөнгөн гуниг хөвөрнө. Хүмүүний амьдралын цаг хугацааны түүх гэдэг дахин давтагдашгүй үнэ цэнтэй зүйл юм. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийн булангаараа долоо хоног бүр уншигчтайгаа уулздаг билээ. Бид энэ удаа их спортод амьдралаа зориулж яваа чөлөөт бөхийн олон улсын шүүгч С.Чинбатыг онцолж, түүний амьдралын түүхээр аялснаа хүргэж байна.
Их спортод хөл тавьсан 15 настай хүү
С.Чинбат нь Улаанбаатарт төрж, өссөн. Тэрээр нийслэлийн ерөнхий боловсролын 69 дүгээр сургуулийг дүүргээд, арван жилээ 84 дүгээр сургуульд сурч төгсжээ. Түүний их спортод амьдралаа холбосон түүх нь тавдугаар ангийн хүүхэд байхаас нь эхлэлтэй. Нийтлэлийн баатрынхаа амьдралын хуудсыг сөхөж, арван хэдэн настай хүү их спортод анх хэрхэн хөл тавьсан талаарх дурсамжийг сийрүүлэн хүргэе.
1987 он. Энэ цаг хугацаа бол тавдугаар ангийн хүүгийн хувьд их хүсэл мөрөөдөлдөө хүрэх нэг алхмыг ойртуулсан үе байв. Тухайн үед спортын мастер Ж.Нямхүү багшийнхаа удирдлагад дор “Барилгачин спорт клуб”-д элсэж оржээ. Ингээд дүүргийнхээ аварга шалгаруулах тэмцээнд 32 кг-ийн жинд барилдаж, гуравдугаар байр эзэлж бөхийнхөө гарааг эхлүүлсэн түүхтэй. Аравдугаар анги төгсөх жилээ улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж чөлөөт бөхийн тамирчин болох дэврүүн хүсэл мөрөөдөлдөө бүр ч их хөтлөгджээ. Их спортод холбогдсон хүүхэд насны гэгээн цаг хугацаанд тодоос тод үлдсэн хүн бол яах аргагүй түүний багш Ж.Нямхүү аж. Спортод, тэр тусмаа чөлөөт бөхөөр хичээллэх дуртай хүүг багш нь сонгон дугуйланд явуулж, их спортод амьдралаа зориулах замыг нээж өгсөн байна.
Шүүгчийн замнал хөвөрсөн он жилүүд
Улсын шүүгчээр ажиллаж байх үе. 1988 он.
С.Чинбат 1996 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш, дасгалжуулагч гэсэн хос мэргэжлийг эзэмшиж төгсжээ. Оюутан болоод хэсэг барилдах хугацаандаа бэртэл авсан байна. Тиймээс их спортоо орхихгүйн тулд сургуулиа төгссөний дараа чөлөөт бөхийн улсын шүүгч болсон түүхтэй. Энэ үеэс тамирчны ялалт, ялагдлыг дэнслэх чөлөөт бөхийн шүүгч хэмээх өндөр хариуцлагатай мэргэжлийн эзэн болж, түүний амьдралын нэгэн шинэ хуудас бичигдэж эхэлжээ. Өөрөө их спортоор хичээллэж, ялагдал, ялалтын амтыг мэдэрч, зүрх сэтгэлээ зориулж явсан хүний хувьд шүүгчээр ажиллах болсон нь дөхөм байсан нь гарцаагүй биз.
Түүний анхны шүүгчээр ажилласан нь Хан-уул дүүргийн аварга шалгаруулах тэмцээн байжээ. Энэ тухайгаа “Анхныхаа тэмцээнийг шүүх боломжийг олгосон хүн бол Р.Нэргүй багш. Өөрөө барилдаж хүнээс оноо авдаг байсан бол хүнд оноо зааж өгдөг болж, ялалт, ялагдлыг тодорхойлно гэдэг маш их хариуцлагыг мэдэрч байсан. Тухайн үед А.Басхүү, А.Баасанхүү, Ш.Баясгалан, Ц.Чойнхор, Н.Дүгэрсүрэн, Ж.Мөнх-Очир гээд чадварлаг шүүгч ажилладаг байлаа. Тэдний тэмцээн шүүж байхыг нь хараад, оноогоо өгөхдөө яаж зааж байна, оноо үзэгчдэд яаж харагддаг гээд олон зүйлийг суралцдаг байсан. Анх намайг шүүгч болоход олон улсын шүүгч Батболд шүүгчийнхээ хувцсыг дурсгаж байсанд нь их билэгшээдэг. Мөн спортын замналыг эхлүүлж өгсөн Ш.Нямхүү багшдаа үргэлж талархаж явдаг. Багштайгаа өнөөдрийг хүртэл холбоотой байдаг. Намайг шүүгч боллоо гэхэд багш маань их баярлаж байсан. Олон шавь нараас нь нэг ч гэсэн зүгээ олоод спортоо орхиогүйд баярласан байх” гэлээ.
Энэ цаг үеэс түүний шүүгчийн замнал эхэлж 2000 онд Германд зохион байгуулагдсан ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг азийн хамгийн анхны эмэгтэй шүүгч Л.Болормаатай хамт дэнсэлж олон улсын шүүгч хэмээх хүндтэй зэргийг хүртсэн байна. Энэ үеэс хойш олон ч дэлхийн цуврал тэмцээнийг дэнсэлжээ. Шүүгчээр ажилласан тэмцээн бүр түүний амьдралын гэгээн дурсамжийг тодотгох, мэргэжлээрээ бахархах цаг хугацаа. Харин энэ дундаас сэтгэлд нь хамгийн тод буудаг нь 2008 оны Токиод болсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аж.
1997 оны насанд хүрэгчдийн УАШТ-ний аваргууд Т.Мөнхбаяр, Б.Гантогтох, Г.Ганхуяг, Т.Гансүх, Д.Сумьяабазар, О.Пүрэвбаатар нарын хамт.
Нийтлэлийн баатрын маань хувьд О.Пүрэвбаатар, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Мөнхбаяр, Г.Ганхуяг, Н.Баярмагнай гээд чөлөөт бөхийн түүхийг бичилцэж явсан тамирчидтай нэгэн үе. Тэр ч утгаараа тив, дэлхийн тэмцээнийг дэнсэлж явахад нэгэн үеийн тамирчид нь барилдаж явсан нь дурсамжтай , бахархмаар цаг хугацаа гэдгийг тэрээр хэлж байсан юм. Энэ тухайгаа “2001 онд Турк улсын нийслэл Анкарад олон улсын цуврал тэмцээнүүдэд шигшээ багийнхаа тамирчидтай хамт очдог байлаа. Тэр тэмцээнд Г.Өсөхбаяр аварга, Н.Баярмагнай хоёр түрүүлсэн. Тэд маань аваргын төлөө барилдаж байхад би хажууд нь өөр жингийн бөхчүүдийн аваргын төлөөх барилдааныг шүүгээд зогсож байсан цаг хугацаа дурсамжтай сайхан санагддаг” хэмээлээ.
Мөн бага дэлхийн аварга хэмээдэг Красноярск Иван Ярыганы нэрэмжит тэмцээний гурван финалыг дэнсэлж явсан нь түүний мөн бахархам цаг хугацааны нэг. Домогт бөх Иван Ярыгиний нэрэмжит тус тэмцээний медальт байрын төлөө өрсөлдөж буй бөхчүүд нь олимп, дэлхийн аваргууд байдаг. Өндөр ур чадвартай бөхчүүдийн барилдааныг дэнсэлнэ гэдэг шүүгчээс маш их ур чадвар, сонор сэрэмж шаарддаг нь гарцаагүй. Энэ тэмцээний хээ талаар тэрээр Монгол улсынхаа аварга шалгаруулах тэмцээний шүүж байгаатай ижил мэдрэмж төрж, бахархалтай санагдаж байсан хэмээсэн юм.
Шүүгч бол маш их хариуцлага, мэдрэмж шаардсан ажил. Ямар ч үед үнэн шүүх ёстой. Тэр ч утгаараа шүүгч хүн хэлгүй байх ёстой, хараа хурц байх ёстой, чих нь дүлий байх ёстой гэсэн бичигдээгүй нэр томъо хүртэл байдаг шүү дээ. Дэвжээ дээр 1-2 секундийн дотор өрнөх тэр агшин бүрийг алдахгүй харж, тамирчны ялалт, ялагдлыг дэнслэх их хариуцлага, мэдрэмж спортын шүүгчдийн бахархал мөн билээ. Энэ хариуцлагатай мэргэжлийнхээ тухай “ “Өмнө барилдаж байсан учраас, бас туршлагаараа бөхчүүд ямар мэх хийх гэж байна гэдгийг бас зөрүүлээд хийх гэж байгаа хариу мэхийг нь уншчихдаг болчихдог. Тухайн хоёр бөхийн барилдааныг зэрэгцээд шүүж байгаа үзэгчид маань хүртэл шүүгч шүү дээ.Үзэгчийн өгөх гээд байгаа оноог Чинбаа заасан бол үзэгчдийн хүслийг биелүүлж байна гэсэн үг. Би шүүгчээр ажилласан энэ хугацаандаа өөрийгөө хариуцлага алдсан гэж боддоггүй. Учир нь тухайн хоёр бөхийн ялалт, ялагдлыг дэнслэх хариуцлага надад оногдож байхад алдах ч эрх байхгүй. Би бөхийнхөө спортоор үргэлж бахархаж, энэ замналаар алхаж яваадаа бэлгэшээдэг. Миний амьдралын бүхий л цаг хугацаа, дурсамж бөхтэй холбоотой ” гэсэн юм.
Олон улсад Монголын шүүгч С.Чинбат хэмээн овоглож явсан тэрээр чөлөөт бөхийн олон улсын шүүгчээр ажилласан 25 жилийнхээ хугацаанд дөрвөн дэлхийн аварга, 11 азийн аварга шалгаруулах тэмцээн, 30 гаруй олон улсын тэмцээнийг дэнсэлсэн байна. Ийнхүү тэрээр 2025 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр зодог тайлж, сүүлийн удаа шүглээ үлээж, дэвжээ, тамирчид, үзэгчиддээ хүндэтгэл үзүүлсэн юм. Спорттой амьдралаа холбосон хүн бүрийн хувьд зодог тайлна гэдэг бахдал, гуниг олон мэдрэмжид хөглөгдсөн цаг хугацаа байдаг нь гарцаагүй. Тэрээр миний амьдралын тал хувь нь олон улсын шүүгчээр ажилласан цаг хугацаа байдаг. Залуу үедээ боломж олгож, миний бүтээж чадаагүй, шүүгчээр гаргаж чадаагүй амжилтыг тэд маань гаргаасай гэж хүссэн” гэсэн юм.
“Багш аа” гэж дуудуулах бахархалтай санагддаг”
Түүний амьдралын орхиж боломгүй нэгэн дурдатгал бол багшаар ажиллаж байсан цаг хугацаа. 1996 онд их сургуулиа төгсөөд ажлынхаа анхныхаа гарааг багш мэргэжлээр нийслэлийн 41 дүгээр сургуульд биеийн тамирын багшаар эхлүүлж байжээ. Энэ тухайгаа “Багш мэргэжлийг эзэмших бахархал маань хүүхдүүд эрүүл чийрэг бие бялдартай болох суурийг тавьж өгөх. Хүүхэд спортын зөв суурьтай байвал амьдралын замдаа сайн хүн болж төлөвших замнал нь нээгддэг. Нэг ангид матрас засаж байгаад хүүхдүүдэд бөхийн эрдэм заадаг байлаа. Сүүлд нь өөрийнхөө суралцаж төгссөн 84 дүгээр сургуульдаа багшилсан. Мөн 1998 онд Хөвсгөл аймгийн “Даяан дээрх бөхийн клуб”-ын дасгалжуулагчаар ажиллаж бөхийн тамирчид бэлдсэн. “Багш аа” гэж дуудуулах багш хүний бахархал байдаг даа” гэсэн юм. Тэрээр багшаар улсад 11-12 жил ажилласан байна.
Биеийн тамир, спортын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлах дэд ажлын хэсгийн даргаар ажиллаж байв
БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргаар ажиллаж байх үеийн БСШУС сайд Ж.Батсуурь, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц нарын хамт.
С.Чинбат мөн багш, дасгалжуулагч, шүүгчээр ажиллахаас гадна бодлого боловсруулах түвшинд хүртэл ажиллаж, спортын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн. Биеийн тамир, спортын газар мэргэжилтнээс эхлээд БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргаар ажилласан. Энэ хугацаандаа 2017 онд Биеийн тамир, спортын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлах дэд ажлын хэсгийн даргаар ажилласан байдаг. Энэ тухайгаа “Тухайн үед хуулийг батлуулах ажилд хамтарч хүчин зүтгэсэн хүн бол Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц. Алсын хараа 2040-2050 хөтөлбөрийн дагуу биеийн тамир спортын бодлогын салбарын чиглүүлэх ажлыг хуульд шигтгэн оруулж, иргэдэд таниулж, хууль батлуулахад их бахархалтай байсан. Уг хуулийг 2017 онд шинэчилсэн найруулгаар батлахад УИХ-ын гишүүд ч дэмжсэн” гэлээ. Уг хуульд олон чухал заалтыг тусгасан байдаг. Жишээлбэл, Хил гаалиар орж ирж буй тоног төхөөрөмж, материалыг татвараас чөлөөлөх бодлогыг тусгасан. Мөн 330 сум 21 аймаг есөн дүүрэгт биеийн тамирын арга зүйч орон тоог бий болгосон. Спорт биеийн тамирын салбарт хөрөнгө оруулалт хийж буй хүмүүст урам зориг, итгэл өгөхүйц олон чухал заалтыг тусгасан байдаг. Мөн уг хуулийн хүрээнд Биеийн тамирын спортын хэрэгжүүлэгч агентлаг гэж байгуулсан юм.
С.Чинбат эхнэртэйгээ 1998 онд танилцаж, нэгэн гал голомтыг үүсгээд өдгөө гурван хүүхдийнхээ хамт амьдарч байна. Эхнэр нь монголын анхны үүрэн телефоны салбарт ажилладаг аж. Ийнхүү их спортод амьдралаа зориулж яваа түүний амьдралын арвин их түүхээс онцолсноо хүргэлээ. Одоо ч тэрээр спортоо орхилгүй ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 63 (7560)
Сэтгэгдэл үлдээх