Ханбогдын хөгжлийн хурдасгуур сангийн Боловсролын хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж буй багш Бямбацогтын Номинтуулын түүхээс хуваалцаж байна.
Би багаасаа гадаадын шилдэг их сургуульд тэтгэлгээр суралцах том мөрөөдөлтэй охин байсан.
Мөрөөдөлдөө хүрэх гүүр минь англи хэл байсан бол биелүүлсэн нь Оюу толгойн олон улсын тэтгэлэг. Энэ тэтгэлгээр Австралийн Күнслэндийн их сургуульд боловсролын манлайллаар магистрын зэрэг хамгаалж, эх нутагтаа эргэн ирээд Ханбогд сумандаа гурван жил англи хэлний багшаар ажилласан.
Багш болох хүсэл минь өсвөр наснаас эхэлсэн.
Амьдрал минь үргэлж дардан байсангүй. Аав, ээжээ эрт алдсан учраас ялгаварлан гадуурхалтыг мэдэрч байлаа. “Бүтэн өнчин хүүхдүүд босоорой” гэх мэт үгс сэтгэлд минь гүн хоногшиж, яагаад багш хүн илүү мэдрэмжтэй байж, хүүхдэд урам зориг, сэтгэлийн дэм өгч болохгүй гэж өөрөөсөө асуудаг байлаа. Энэ л туршлага намайг жинхэнэ утгаар нь хүүхдэд эерэг нөлөө үзүүлдэг багш болох хүсэл тэмүүлэлтэй болгосон.
Ажлын гараагаа Улаанбаатар дахь Бритиш сургуульд эхлүүлсэн. Тэндээс хүүхдийн оролцоог дэмжсэн, онолын мэдлэгийг практик дадлагатай холбосон арга барилыг суралцсан.
Намайг бүүр алмайруулсан гэх юм уу, жишээлэх юм бол дайны тухай түүхийн хичээл орж байлаа гэхэд тухайн багш нь тэр үеийн түүхэн хувцсаа өмсчихсөн, бараг бодит гэж харагдахуйц хиймэл буугаа аваад ирчихсэн, ширээн дээрээ үсэрч гараад л бодитоор тухайн үед очсон мэт байдлаар хичээлийг маш сонирхолтойгоор хүүхдийн оролцоотой бас зааж болдог юм байна шүү дээ гэдгийг харж байсан.
Австралид суралцах хугацаандаа ч энэ арга зүйг бататган авч, эргэж ирээд Ханбогд сумандаа хэрэгжүүлсэн. Улмаар орон нутгийн хүүхэд гэхээр хотын хүүхэдтэй харьцуулахад дутуу, муу гэсэн ойлголт буруу болохыг бататгасан.
Ханбогд сумдаа 3 жил багшлахдаа бид мэргэжлийн хөгжлийн бүлгэмийн багш нараараа зөвхөн үндсэн ажлаа хийлгүйгээр бусад олон төслийг санаачилж хамтарч хэрэгжүүлсэн.
Жишээлбэл, “Дэлхийн иргэд Ханбогдоос” боловсролын өдөрлөг.
Тав дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж байна. Энэ өдөрлөгөөр Ханбогд сумын 5-аас 12 дугаар ангийн мянга гаруй хүүхдүүдийг цуглуулж нэг тайзан дээр сурсан мэдсэн зүйлээ найз нөхдөдөө хайртай гэр бүлийнхэндээ мөн ойролцоох сумдуудын багш нартаа, удирдлагууддаа таниулан хуваалцдагаараа онцлог.
Жинхэнэ дэлхийн иргэн хэн бэ гэдэг тодорхойлолтыг бид тэр тайзнаас харж болох юм болов уу гэж харж байгаа. Хүүхдүүд нэгэнтэйгээ маш хүндэтгэлтэйгээр чи сайн, би муу гэдэг ямар ч ялгаварлалгүйгээр өөрийнхөө хувь нэмрийг оруулдаг. Мөн хүүхдүүд маань өөрсдөө санаачилж, номеруудаа бэлддэг.
Багш нар маань бас өөрсдөө номертоо ордог. Миний хувьд бол хайртай шавь нартайгаа бүжиглээд, яг өөрийнхөө хүүхэд насандаа эргээд очсон юм шиг их гоё дурсамжтай цагуудыг өнгөрөөдөг өө. Мянга гаруй хүүхэд өөрийн сурсан мэдсэнээ тайзан дээр тэгш эрхтэйгээр хуваалцаж, өөртөө итгэлтэйгээр оролцож байгааг харах нь хамгийн бахархам мөчүүдийн нэг.
Энэхүү өдөрлөгийг Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан маань дэмжиж, үйл ажиллагааг маань тэлж, олон хүмүүст хүргэхээс эхлээд бүх талаар хамтарсан. Энэ сан анх 2022 оны 10 сард яг үүсгэн байгуулагдсан. Удахгүй бид нарын 3 жилийн ой болно. Ханбогд сумыг хот болгоход тодорхой хэмжээнд хурд нэмж, 5 жилийн хугацаанд 50 сая ам.долларыг энэхүү зорилгодоо зарцуулах зорилготой.
Би яг одоо энэ санд Боловсролын хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж байна. Бид үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Үүний нэгдүгээрт, нийгмийн хөгжлийн төсөл буюу одоо миний хамаарагдаж байгаа хамт олон. Би өөрөө боловсролын хөтөлбөртөө илүү давамгай ажилладаг. Хоёр дахь нь дэд бүтцийн хөгжлийн баг хамт олон. Гурав дахь маань бизнесийн хөгжлийн баг хамт олон.
Өнгөрсөн 5 сард буюу бараг жилийн дараа Ханбогдод очиход асар их бас хөгжсөн байна лээ. Ялангуяа зам барилга, за дээрээс нь хүүхдүүдийн маань академик болон хувийн хөгжил зэрэг бол яах аргагүй дараагийн түвшинд оччихсон. Юугаар илэрч байна вэ гэхээр "Дэлхийн иргэд Ханбогдоос" боловсролын өдөрлөгт оролцож байгаа хүүхдүүдийн маань санаачилга оролцоо идэвх зүтгэл.
Ханбогдын анхны шавьтайгаа Австралид "болзсон".
Миний хувьд 13 жил багшилсан. Ингээд бодоход Ханбогд сумдаа өнгөрүүлсэн 3 жил бол миний хувьд хамгийн үнэ цэнтэй, ялангуяа багш гэдэг карьерын маань хамгийн топ үе гэж бахархаж явдаг.
Саяхан эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрт оролцож, Австрали улсад өөрийнхөө төгссөн сургуульд сургалтад хамрагдаж байхдаа Ханбогд сумынхаа анхны шавьтайгаа болзсон. Яг өөрийнхөө сургууль дээр шүү дээ.
Тэр шавь маань хот төлөвлөлтөөр бакалаврын зэрэг хамгаалахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийн тэтгэлгээр суралцаж байгаа. Бид хоёрын 6, 7 сарын өмнө ярьж байсан мөрөөдөл маань энэ зун биеллээ олоод, яг тэр гоё сургуулийнхаа зүлгэн дээр хоорондоо баяр хөөртэйгөөр уулзсан маань Ханбогдод ажилласан 3 жилийн үр дүнгийн маань хамгийн сэтгэл догдлон бахархам мөчүүдийн нэг яах аргагүй мөн.
Багшийн ажил бол зүрх сэтгэлийн ажил.
Хүүхэд бүрт ялгаваргүйгээр анхаарал тавьж, илүү их дэмжлэг хэрэгтэй хүүхдэдээ илүү их цаг гаргах нь миний баримталдаг зарчим. Англи хэл заадаг учраас унаган уг хэлээр ярьдаг хүн хүн шиг бодож, сэтгэж, заахыг хичээдэг. Ханбогдод багшлахаар ирэхэд сурагчид маань Австралиас гурван мэргэжилтэн ирэх гэж байгаа гээд Австрали хүн л ирнэ гэж төсөөлсөн юм билээ.
Тэгээд би хичээлээ англи хэлээр заагаад байсан усраас хэсэгтээ намайг Австрали хүн гэж бодож байсан хэрэг. Гэтэл нэг өдөр монголоор юм асуусан чинь бүр гайхаад, "та монгол хүн" юм уу гээд байсан шүү дээ.
Англи хэл надад маш олон боломж олгосон учраас сурагчдаа, хүүхдүүддээ мөн тийм боломжийг бариад аваасай, дэлхий ертөнцийг илүү томоор хараасай л гэж хүсдэг.
Хүмүүс намайг багшийн ажилдаа ийм дуртай байж яагаад багшаараа ажилладаггүй юм бэ гээд гайхаж магадгүй. Эрүүл мэндийн шалтгааны улмаас түр хөндийрсөн маань энэ. Асуудлаа шийдчихвэл буцаад хүүхдүүддээ англи хэлээ заана гэдэгтээ итгэлтэй байна.
Монголын боловсролын системд сул тал бий ч муу гэж хэлэхгүй.
Би өөрөө Монголдоо боловсрол эзэмшиж, дэлхийд өрсөлдөхүйц боловсролтой болсон гэдгээрээ бахархдаг.
Цаашид бид багш нарын хөгжлийг системтэйгээр дэмжиж, технологийн эринд нийцсэн сургалтуудыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үздэг. XXI зуун, ялангуяа хиймэл оюун(AI) хөгжиж байгаа энэхүү технологийн эрин зуунд багшийн ажлыг хөнгөвчилж болохуйц ямар хэрэглэгдэхүүн, платформ байна, түүнтэй холбоотой сургалтуудыг ороод, дээрээс нь багш нарын хоорондын мэргэжлийн хөгжлийн бүлгэмийг дэмжсэн, зөвхөн нэг газраа, нэг сургуульдаа биш, англи хэл гэхээр магадгүй говийн бүсийнхэн хангайн бүсийнхэн бүүр цаашлаад улс даяараа бас энэхүү бүлгэмүүдийг хооронд нь холбож, зуучилж, хамтдаа ажиллах боломжийг бас олгож, аль болох нэгнээсээ суралцах орон зайг дэмжээд өгөх юм бол манай систем тодорхой хэмжээнд хөгжөөд, багш нарын маань ачаалал хөнгөлөгдөх байх гэж бас харж байгаа.
Ханбогдын хөгжлийн хурдасгуур сан маань мөн дээрх чиглэлээр "Teach for Mongolia" ТББ-тай хамтраад, Ханбогд сум руугаа 10 багш илгээсэн. Ингэхээр багш нар маань харилцан суралцаж, нэг нэгэндээ хөгжих боломж өгч байгаа болов уу.
Сэтгэгдэл үлдээх