О.Номинчимэг: Амь насанд халдсан, ор сураггүй алга болсон гээд сэтгэл эмзэглүүлсэн хэргүүд ч бий

.Graph
2026-04-14

ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын хорооны дарга  О.Номинчимэгтэй ярилцлаа.

--------------------------------------------------------------

-Та Олон Улсын Парламентын Холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа анхны монгол парламентч. Та удахгүй ОУПХ-ны хуралд оролцохоор явах гэж байгаа юм байна. Та холбооны талаар болон энэ удаа ямар асуудлыг онцлон хэлэлцэх талаар мэдээлэл өгнө үү?

-Олон улсын парламентын холбоо (ОУПХ) нь 1889 онд байгуулагдаж дэлхийн 183 улсын хууль тогтоох байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, ардчилал болон парламент хоорондын хамтын ажиллагааны хамгийн том институт юм. Тус байгууллага жилд хоёр удаа үндсэн чуулган буюу Ассемблэйгээ хуралдуулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн хаврын Ассемблэй Турк улсад энэ сарын 15-19-ний өдрүүдэд болох гэж байна. ОУПХ-ны зүгээс 2026 оныг "Хүний эрхийн жил" болгон зарласан. Үүний хүрээнд бүх байнгын хорооны үйл ажиллагаа, гаргах шийдвэрүүдэд хүний эрхийн асуудлыг бодлогын түвшинд тусгахаар чиглэл болгоод байна. Ялангуяа парламентын гишүүдийн хүний эрхийн асуудал чухлаар тавигдаж буй. Учир нь тэд дэлхийн 183 улс орны ард иргэдээ төлөөлж байгаа хууль тогтоогчид юм.

Миний хувьд Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай тул ОУПХ-ны Удирдах зөвлөл болон таван тивийн бүлгийн дарга нарын хуралд оролцож, хорооныхоо ажлыг тайлагнаж, санал солилцоно. Мөн Парламентчдын хүний эрхийн хороо хуралдаж, олон улсын хэмжээнд үүсээд буй цөөнгүй хэргүүд дээр шийдвэр гаргах тул нэлээд ачаалалтай хурал болох төлөвтэй байна.

-Монгол эмэгтэй парламентч Олон Улсын Парламентын Холбооны энэхүү хорооны ерөнхийлөгчөөр сонгосон нь анхаарал татаж байна. Энэ албан тушаалд ямар шалгуураар сонгогддог вэ?

-Өмнө нь Монголын парламентчдаас Парламентчдын хүний эрхийн хорооны гишүүнээр сонгогдож байсан тохиолдол байдаггүй юм билээ. Миний хувьд 2024 онд тус хорооны гишүүнээр Ассемблейн нээлттэй сонгуулиар сонгогдож, 2026 оны хоёрдугаар сард хорооны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Анх гишүүнээр сонгогдох явцдаа харахад нэлээд өрсөлдөөнтэй, ширүүхэн сонгууль болдог юм билээ.

Ер нь Парламентчдын хүний эрхийн хороо гишүүнийг сонгохдоо улс орны төлөөлөл гэхээсээ хувь хүний шалгуурыг чухалчилдаг. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчийн хүний эрхийн чиглэлээрх мэдлэг, мэргэжлийн ур чадвар болон тухайн салбарт ажилласан туршлага, олон улсын хэмжээнд ажиллаж байсан зэргийг нь голчлон харгалзан үздэг гэж ойлгосон.

-Энэхүү шалгуурт тэнцэхэд таны олон улсын хуульчийн туршлага нөлөөлсөн байх. Таныг Нью-Йоркийн хуульчийн гэрчилгээтэй, дэлхийн томоохон хуулийн фирмд ахлах хуульч байсан гэж сонссон юм байна. Та төгссөн сургууль, хуульчаар ажилласан  туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Аливаа ажил, албан тушаалд тухайн хүний хувийн амжилт гэхээсээ илүүтэй хуримтлуулсан мэдлэг, туршлага нь бусдын итгэлийг хүлээх суурь болдог байх. Миний хувьд Японы Токиогийн их сургууль, АНУ-ын Колумбийн их сургууль зэрэг сургуулиудад суралцаж, эрх зүйч мэргэжлээр боловсрол эзэмшсэн.

Мэдээж зөвхөн онолын мэдлэг хангалтгүй. Англи-Америкийн хамтарсан Хоган Ловеллс олон улсын хуулийн фирмд Улаанбаатарт бас Парис хотод ахлах хуульчаар ажиллаж байсан. Мөн ICC-ийн дэргэдэх Олон Улсын Арбитрт Монгол Улсыг төлөөлөх шүүхийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Энэ туршлага маань надад олон улсын хэмжээнд ажиллах арга барилыг ойлгоход чамгүй дэм болдогт олзуурхаж, талархаж явдаг.

Тиймээс эдгээр туршлагыг маань олон улсын парламентч хамт олон дүгнэж, нэр төртэй байгууллагад хариуцлагатай алба хаших итгэл хүлээлгэсэн болов уу гэж харж байгаа.

-Энэ жилийн Олон улсын Парламентчдын хүний эрхийн хороо олон хэргийг хэлэлцэхээр төлөвлөсөн гэж та ярилцлагынхаа эхэнд дурдсан. Энэ талаар дэлгэрүүлж мэдээлэл өгнө үү?

-Парламентчдын хүний эрхийн хороо нийт 845 парламентчийн хэрэг дээр ажиллаж байна. Түүнээс 62 нь ямар нэгэн байдлаар хорих ял авч, эсхүл хууль бусаар хоригдож байгаа учир бид онцгой анхаарал хандуулж байгаа. Харамсалтай нь дэлхий дахинд үүсэж буй нөхцөл байдлаас шалтгаалан авч хэлэлцэх, шийдвэр гаргах шаардлагатай хэргийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.

Энэ удаагийн хаврын Ассемблейгаар бид хамгийн тулгамдаж буй тодорхой тооны асуудлуудыг хэлэлцэхээр нарийвчлан бэлтгэж буй. Тухайлбал, Ази тивийн 5, Европын 4, Ойрхи  Дорнодын 3, Африк тивийн 7, Америк тивийн 3 улстай холбоотой олон парламентчийн хэргийг тус тус авч хэлэлцэнэ.

Бид эдгээр хэрэгтэй нэгбүрчлэн танилцаж, холбогдох шийдвэрүүдийг гаргана. Тэрхүү  шийдвэрээ 183 орны Парламентчдын нэгдсэн чуулган буюу ОУПХ-ны Ассамблей дээр албан ёсоор танилцуулдаг тул чамгүй хариуцлагатай үйл явц хүлээж байгаа гэж болно доо.

-Хүний эрх тэр дундаа ард иргэдийн төлөөлөл гэдэг утгаараа парламентчдын эрхийн асуудлыг дэлхийн хэмжээнд анхаарч авч үздэг байх. Тухайн улсын парламентчийн эрх зөрчигдсөн бол хэрхэн хамгаалдаг жишиг байдаг вэ?

-Бид гомдолд үндэслэн хэрэг нээж, мэргэжлийн экспертүүд шинжилгээ хийх, тухайн улсын эрх баригчдад дипломат шахалт үзүүлэх, шаардах, хэлэлцээ хийх,  шаардлагатай тохиолдолд өөрсдөө болон төлөөлөл  илгээж, шүүх хуралд оролцох гээд бүхий л хэлбэрээр тухайн парламентчийн эрхийг хамгаалахын төлөө ажилладаг.  Энэ бол дэлхийн хэмжээнд парламентчдад зориулсан эрх ашгийг нь хамгаалах цор ганц, онцгой механизм юм.

Харамсалтай нь бидний хэлэлцэх хэргийн тоо өсөж байна. Ирж буй гомдлын тоо, хандлагыг ажиглахад дэлхийн геополитикийн нөхцөл байдал болон улс төрийн тогтворгүй байдалтай шууд холбоотой байгаа нь анзаарагдаж байгаа.

Энэ бүхэн хэн нэг хувь хүний эрхийг хамгаалж буй хэрэг биш гэж үздэг. Учир нь парламентын гишүүн нь ард түмний дуу хоолой, тэдний сонгосон төлөөлөл учраас тэднийг хамгаална гэдэг нь цаад утгаараа тухайн улсын ардчилал, хууль ёсны засаглалыг хамгаалж байгаа суурь агуулгыг илэрхийлж байдаг. Манай хорооны тухайд гаргасан дүгнэлт, дипломат шахалтын үр дүнд улс төрийн хилс хэргүүд цагаатгагдах,  үндэслэлгүйгээр шийтгэгдсэн байсан парламентчийн эрхийг хангах зэрэг бодит үр дүнгүүд гардагт гол ач холбогдол нь оршдог. Тиймээс л парламентын дархлааг хамгаалах гэсэн ойлголт олон улсад онол, практикийн хувьд амин чухал сэдэв байдаг.

-Танай хороон дээр яригдаж байгаа хэргүүдээс жишээ татаж болох уу?

-Бололгүй яахав. Жишээлбэл, Тайланд улсад залуучуудын ихээхэн дэмжлэгийг авсан “Move Forward Party” хэмээх улс төрийн нам 2023 онд сонгуульд амжилттай оролцож, парламентын доод танхимын олонхын суудлыг авсан. Энэ намын мөрийн хөтөлбөрт lese-majeste буюу хааныг доромжлох нь эрүүгийн хатуу гэмт хэрэг гэж үздэг эрүүгийн хуулийн тухайн заалтыг шинэчлэх санаачилга гаргасныг "төрийн эсрэг үйл ажиллагаа явууллаа" гэж үзэн энэ улс төрийн намыг татан буулгасан байгаа юм. Мөн хааныг доромжилсон болон бусад хэргээр “Move Forward” намаас сонгогдсон 47 гишүүний улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хамгийн багадаа 10 жил хасах шийдвэр гаргасан хэрэг дээр бид ажиллаж байна.  

Мөн манай хороонд хүний амьд явах эрхтэй холбоотой, олон жил шийдэлд хүрээгүй хүнд хэргүүд ч бий. Тухайлбал, парламентчдыг буудан хороосон, ор сураггүй алга болгосон ч өнөөдрийг хүртэл хэн ч хариуцлага хүлээгээгүй кэйсүүд ч байдаг. Сэтгэл эмзэглүүлсэн нэг жишээ бол Ливи улсын парламентч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч хатагтай Сергивагийн хэрэг юм. Түүний гэрт хагас цэрэгжсэн бүлэглэл дайран орж, нөхрийг нь буудаад, өөрийг нь хулгайлсан байдаг. Тэр цагаас хойш Сергива одоог хүртэл олдоогүй. Манай хорооны зүгээс энэ хэргийг айлган сүрдүүлэлт, амь насанд заналхийлсэн үйлдэл гэж үзэн, бүс нутгийн улс орнуудтай холбоо тогтоон шаардлага хүргүүлсээр ирсэн. Гэвч Ливи улсын засаг төр гурав хуваагдсан, газрын тосны цооногуудыг тойрсон бүлэглэлүүд хоорондоо тэмцэлдэж байгаагаас шалтгаалан энэ хэрэг дээр ахиц гарахгүй, тэр хүний хувь заяа тодорхойгүй байгаа нь маш харамсалтай.

-Манай С.Зориг агсны хэрэг бас энэ хороон дээр нэлээд удаан яригдаж байгаа хэрэг. Байнга л ОУПХ-ноос энэ тал дээр манайд бас анхааруулга чиглэл ирдэг байх шүү?

-Тийм ээ. Энэ хэрэг бас олон жил яригдаж байгаа хэргийн нэг. Гэхдээ яг тухайн улстай холбоотой хэрэг яригдаж шийдвэрлэгдэх үед тэр улсын гишүүнийг хуралд оролцуулдаггүй. Тэгэхээр манай хороон дээр С.Зориг агсантай холбоотой хэргийн талаар ярилцах үед би ордоггүй гэсэн үг. Хамгийн сүүлийн байдлаар бол 2026 оны хоёрдугаар сард хорооноос шийдвэр гаргаж, УИХ-д энэ хэрэг дээр ахиц гаргахад анхаарахыг хүссэн чиглэл ирсэн байгаа.

-Парламентын дархлааг ард иргэдийн төлөөлөл гэсэн утгаар хангахын тулд анхааран ажилладаг талаар та хэллээ. Ингэхэд манайд сүүлийн үед хэлэлцүүлгийн сэдэв болоод байгаа Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг Монгол Улсын парламент хэлэлцэж байгаа мэдээлэл ОУПХ-д очсон л байх. Энэ талаар ямар яриа хөөрөө тэнд өрнөж байгаа бол?

-Олон улсын парламентын холбоо бол дэлхийн улс орнуудын парламентад ардчилсан зарчмыг бэхжүүлэхэд нь туслах үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Тиймээс түүнийг "хөндлөнгийн оролцоо" гэхээсээ илүүтэй олон улсын сайн туршлага, арга зүйн зөвлөмж хуваалцаж буй хэрэг гэж харах нь зүйтэй. Дэлхийн 183 улсын парламентыг эгнээндээ нэгтгэсэн энэ байгууллага гишүүн улсуудынхаа хууль тогтоох үйлц ажиллагааг олон улсын хүний эрхийн конвенц болон парламентын дархлааны жишигт нийцэж байгаа эсэхэд мэргэжлийн санал өгдөг. Ийм ч утгаар ОУПХ-ноос манай Улсын Их Хурлын даргатай албан шугамаар харилцаж байгаа гэсэн мэдээлэл аваад байна.

-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийн талаар маргаан бүхий л түвшинд өрнөөд байгаа.  Олон улсын парламентуудад ямар жишиг байдаг вэ, та хувьдаа энэ асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?

-ОУПХ-ноос улс орнуудын парламентын онцлог зохицуулалтын талаар хийсэн судалгааг авч үзсэн. Парламентын гишүүний хариуцлагыг хангах механизмууд олон улсын жишигт ардчилал, нийгэм эдийн засгийн байдлаас үүдээд харилцан адилгүй, өөр өөр байдаг. Тухайлбал, Англи улсад "Парламентын гишүүнийг эгүүлэн татах тухай хууль" 2015 онд батлагдсан байна. Энд иргэдээс санал гаргах, түүнийг хэлэлцэх, шийдвэрлэх үйл явцыг маш нарийн зохицуулсан. Ерөнхийдөө гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд гишүүний бүрэн эрхийг хүчингүй болгох зохицуулалт олон улсад түгээмэл.

Зарим улс оронд гишүүн гадаад улсын харьяат болсон тохиолдолд мандатыг нь шууд хүчингүй болгодог. Түүнчлэн парламентын үйл ажиллагаанд тогтмол оролцох нь төлөөллийн ардчиллын наад захын шалгуурт тооцогддог бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаан хугацаанд чуулганд оролцоогүй бол хөөх хүртэл арга хэмжээ авдаг жишиг бий.

Орчин үеийн төлөөллийн ардчилалд “чөлөөт мандат”-ын зарчмыг баримталдаг. Чөлөөт мандат гэдэг нь парламентын гишүүн зөвхөн сонгогдсон тойргийнхоо иргэд эсвэл өөрийг нь нэр дэвшүүлсэн намын заавраас хараат бусаар нийт ард түмний төлөө ажиллах зарчмыг хэлнэ. Энэ зарчим нь ардчилсан парламентын засаглалын амин сүнс. Монгол Улсын Үндсэн хуульд ч "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэж заасан байдаг шүү дээ.

Чөлөөт мандатын дагуу гишүүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх мэт маш тодорхой хуулийн үндэслэлээс бусдаар бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө дур мэдэн эргүүлэн татах эрхгүй. Түүний ажилд дараагийн сонгуулиар л сонгогчид дүн тавих боломжтой гэж үздэг. Гэтэл Монгол Улсын хувьд нөхцөл байдал харьцангуй өөр байна. Зарим гишүүн дөрвөн жилийн хугацаанд хуралдаа оролцоогүй шахам, идэвхгүй ажиллах, эсвэл авлига, хээл хахуульд холбогдсон ч дараагийн сонгуульд намаасаа нэр дэвшээд, сонгуулийн үеэр мөнгө, бусад нөлөөллөөр дахин сонгогдож ирснээс үүдэн иргэдийн бухимдал ч өндөр байгаа гэж бодож байна. Иймээс Монгол Улсын хувьд хариуцлагын механизмыг сайжруулах шаардлага зүй ёсоор бий гэж боддог. Монгол Улсын хувьд асуудлын гол нь эхлээд улс төрийн намууд өөрсдөө гэж харах нь зөв болов уу. Дотоод ардчилал сул, улс төрийн нам дамжсан эрх мэдэл, эдийн засгийн бүлэглэл хүчтэй байгаа өнөөдрийн нөхцөлд гишүүнийг татах үндэслэл маш тодорхой, субьектив нөлөөллөөс ангид байхгүй бол “сахил хүртээд шал дордов” гэдэг шиг зүйл болох вий гэж харж байгаа.

-Энэ удаагийн Ассамблейн үеэр ДЭМБ-тай хамтарсан хуралдаан болох юм билээ. Та энэ хуралд ямар нэг оролцоо байгаа юу?

-Тийм ээ. ДЭМБ болон ОУПХ нь маш нягт хамтын ажиллагаатай ажилладаг. Учир нь улс орнуудын парламент хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах бодлогыг боловсруулж, хууль тогтоомжийг баталж, төсвийг нь шийддэг гол субъект шүү дээ. Тиймээс бодлого тодорхойлох түвшний энэ хамтын ажиллагаа маш чухал байдаг.

Энэ хүрээнд ДЭМБ-аас Турк улсад болох чуулганы үеэр уулзалт, хэлэлцүүлэг төлөвлөсөн байна. Миний хувьд Монгол Улсад Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санаачилсан гишүүний хувиар энэ уулзалтад оролцоно. Тэр дундаа тамхины татварын бодлогын чиглэлээр Монгол Улсын туршлагыг танилцуулах илтгэгчээр уригдсан байгаа.

-Сүүлчийн асуулт. Та Олон улсын арбитрч, Нью-Йоркийн хуульчийн өндөр шалгуурыг давсан мэргэжилтэн. Өнөөдөр олон улсын парламентын түвшинд бодлого тодорхойлоход оролцож байна. Энэхүү туршлага тань Монголын парламент болон хүний эрхийн салбарт ямар өгөөж өгөх вэ?

-Энэ орчинд ажиллана гэдэг зөвхөн хувь хүний биш, улс орныхоо нэр хүндийг авч явах үүрэг гэж ойлгож Номинчимэг гэхээсээ өмнө Монгол Улсын нэр хүндийн асуудал байгааг ухамсарлаж байгаа. Олон улсын түвшинд хоёр зуугаад улсын төлөөлөлтэй хамтран бодлого хэлэлцэнэ гэдэг нь  мэргэжлийн өндөр шаардлага, хариуцлага дагуулсан ажил нь үнэн. Тиймээс энэ албыг хариуцлагатай, нэр төртэй хашиж, хийж буй ажил бүрдээ чин сэтгэлээсээ хандахыг эрхэмлэдэг.

Миний хувьд хуримтлуулсан мэдлэг, туршлагадаа тулгуурлан Монгол Улсынхаа хууль тогтоох үйл ажиллагаанд илүү судалгаанд суурилсан, баримтад түшиглэсэн “мэргэжлийн соёл”-ыг төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулахыг зорьж, тодорхой суурь хуулиуд дээр ажиллаж байна.

Мөн хүний эрхийн чиглэлд олон улсын түвшний зарчим, сайн туршлагыг дотоодын нөхцөлд оновчтой нутагшуулах нь чухал гэж үздэг. Энэ нь манай улсын хөгжлийн чанар, ардчиллын бат бэх байдалд бодитой хувь нэмэр оруулна гэж итгэдэг.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe