АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп импортын бараанд шинээр нэмэлт татвар тогтоож, өнгөрсөн амралтын өдрүүдэд татварын шинэ зарлиг хэрэгжиж эхэлсэн билээ. Татварыг тооцохдоо тухайн улсаас АНУ-ын бараанд оноодог татварын тал орчим хувьтай тэнцэхээр тогтоосон юм.
Тэрээр АНУ-тай худалдаа эдийн засгийн харилцаа холбоотой байдаг дэлхийн 185 улсад оногдуулах татварын хэмжээг дахин тогтоож, багадаа 10 хувь, цаашлаад зарим улсад 50 хүртэл хувийн татвар ногдуулсан.
Тэгвэл 50 гаруй улс орон импортын бараанд тогтоосон тарифаа бууруулах талаар Ерөнхийлөгч Доналд Трампын Засгийн газарт хандсан байна. Тэд татварын асуудлаар шинэ яриа хэлцэл хийж, аль болох татварын хэмжээг бууруулах хүсэлт гаргажээ.
Хүсэлтийн хариуд Сангийн сайд Скотт Бессент NBC News мэдээллийн сувагт ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгч Трамп татвар нэмсэн шийдвэрээ байнгын байлгах уу, аль эсхүл гадаад худалдааны түншүүдтэй яриа хэлцэл хийх үү гэдгээ удахгүй шийднэ гэв.
Индонез, Тайвань улсууд амралтын өдөр хариу татвар ногдуулахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Харин Хятад улс 4-р сарын 10-ны пүрэв гаригаас эхлэн АНУ-ын импортын бүх бараанд 34 хувийн татвар ногдуулна гэдгээ зарласан юм.
Даваа гарагт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Вашингтонд Трамптай уулзаж, худалдааны хэлэлцээ хийх төлөвтэй байна. Нетаньяху АНУ руу нисэх онгоцонд сэтгүүлчдэд хэлэхдээ, шинэ тариф тогтоосноос хойш “Трамптай уулзаж буй анхны удирдагч” байх болно гэж мэдэгджээ. Энэ нь тэдний “хувийн холбоо, манай улс орнуудын хоорондын харилцаа дотно, чухал болохыг харуулж байна” гэж нэмж хэлсэн юм.
Сэтгэгдэл үлдээх