Амиа алдсан аврагчийн эхнэр: Миний хань заавал олны анхааралд өнгөрөх ёстой байсан юм уу

Ж.Номин
2025-04-08

Одоогоос яг жилийн өмнө буюу 2024 оны 4 сарын 8-нд Чингэлтэй дүүргийн 7-р хороо буюу  Баянхошууны шинэ буудлын “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарсан. Харамсалтай нь гал түймрийг унтраахаар ажиллаж байсан Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга Д.Жанчив амиа алдаж, онцгой байдлын алба болоод гэр бүлийнхэнд нь нөхөж баршгүй гарз тохиосон билээ. 

Тэгвэл өнөөдөр талийгаачийн нас бараад нэг жил болж байгаа бөгөөд ар гэрийнхнийх нь зүгээс хэд хэдэн асуудлаар мэдээлэл өглөө. 

Талийгаачийн эхнэр Б.Ганцэцэг: 

- Миний хань онцгой байдлын албанд 25 жил ажиллахдаа 7000 гаруй хүний амь насыг аварсан. Онцгой байдлын албаны 1.1 буюу аливаа том гал руу хамгийн түрүүнд ордог эрсдэлтэй албанд энэ олон жил зүтгэсэн хүнийг монголын төр яагаад үнэлэхгүй байгаа юм бэ. 

Миний хувьд өнөөдөр хамгийн түрүүнд онцгой байдлын алба хаагчдын хувцас хангамжийн норм стандарт, чанарын асуудлыг нэхэж яримаар байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд миний бие эрүүл мэндийн асуудалтай тулгарч, үхэх сэхэхдээ тулж явахдаа Япон, Солонгос, Хятад, Европын орнуудын онцгой байдлын хувцас хэрэглэлийг өөрийн гараар шалгаж, харж үзлээ. Монгол Улс хөгжлийн хойноос л яваад байгаа юм байна.  Ард түмнийг аврагч авардаг. Тэгвэл аврагч хүнийг хувцас хангамж хамгийн нэгдүгээрт хамгаалдаг. Тэр улаан гал руу аврагч хүн ямар хувцас хангамж хэрэгсэлтэй ордог вэ. 400 градуст тэсвэртэй гээд л яриад байдаг. Гэтэл талийгаачаас үлдсэн энэ малгай л гэхэд зүгээр нэг пункер шатахад ийм болсон малгай шүү.

Одоо бол хувцас хангамж сайжирсан байна лээ. Гэхдээ өмнө нь яагаад сайжруулж болоогүй юм бэ. 20 гаруй жил ханийнхаа эхнэр байж, хамтдаа зовлон жаргалыг нь туулаад явсан хүний хувьд өөрийнхөө зүгээс бодит үнэнийг дуугармаар байна. Цэргийн нормын хувцсыг жилд 1-2-оор нь тавиад байдаг. Гэтэл яагаад аврагч хүний хувцсыг ойр ойрхон сольж болдоггүй байсан юм бэ.

Бас тухайн үед холбоо станц байсан бол миний хань амьд байх байсан гэж харамсаж сууна.

Мэдээж онцгой байдлын байгууллагын мууг үзэх гэсэнгүй, ханийнхаа амь насыг нэхэх гэсэнгүй. Зүгээр л хувцас хангамжийг нь сайжруулаад, яагаад аврагчдын эрх ашгийг нэгдүгээрт тавьж болдоггүй юм бэ гэж асуух гэсэн юм. 

Түүнчлэн “Миний хань мэдээж тангараг өргөсөн баатар хүн. Нас барсан хүнд баатар цолыг нөхөн олгодоггүй юм билээ. Гэхдээ энэ шагнал яг ямар хүнд олгогддог юм бэ. 7000 хүний амийг аварсан хүн өнгөрчхөөд байна шүү дээ. Энэ хүн чинь баатар биш юм уу. Энэ цолыг өнгөрсөн ч гэсэн нас барсан аврагчдад олгож болдоггүй юм уу. 

Хэдий хэн нэгний хувь зүгээр нэг төмөр ч гэлээ үлдэж хоцорсон ар гэрийнхнийх нь хувьд аминых нь дайтай үнэтэй зүйл.

Гавьяа шагнал авах болохоор л дарга нар нь шагнуулаад байдаг. Гэтэл хариуцлага тооцох болохоор шагнал аваад байдаг дарга нар байдаггүй шүү. Энэ бол хөндөх ёстой сэдвийн нэг мөн. Ар гэр нь хардаг шүү, хүлээдэг шүү гэж хэлмээр байна” гэсэн юм. 

Төгсгөлд нь тэрбээр “Манай гэр бүлд хууль ёсны дагуу олгогдох тэтгэвэр тэтгэмжийг олгосон. Дүнжингаравын ослын улмаас амиа алдсан алба хаагчдын ахуйн асуудал дээр Ерөнхийлөгч буцалтгүй тусламж үзүүлж, 3 өрөө орон сууц олгосон. Гэхдээ яагаад миний ханийн ар гэр, үр хүүхдүүдэд ийм шударга бус хандаад байгаа юм бэ. Ажилласан жилийг нь үнэлээд шударга хандаж болдоггүй юм уу. Ажилласан жилийг нь үнэлдэггүй юм аа гэхэд таван хүүхдийг нь бодож болдоггүй юм уу.

Миний хань заавал олны анхааралд өнгөрөх ёстой байсан юм уу. Олны анхааралд өнгөрсөн бол миний хүүхдүүд тэр тусламжийг хүртэх байсан уу гэж төрийн 3 өндөрлөгөөс асуумаар байна. 

Эцэст нь би Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж үгээ дамжуулмаар байна. Б.Ганцэцэг миний бие таныг энэрэнгүй шийдвэр гаргах байх гэж итгэж хүлээнэ. Таныг шийдвэр гаргатал маргаашаас эхлэн гэр бүлээрээ суулт зарлана” хэмээсэн юм. 

Талийгаачийн аав нь онцгой байдлын албанд зүтгэж байсан бөгөөд өдгөө хүү нь ч тус албанд ажиллаж байна. Өнөөдөр мэдээлэл хийсэн иргэн Б.Ганцэцэг онцгой байдлын алба хаагчийн бэр, хань, ээж байж үзэж байгаа тул энэ бүхнийг дуугарч, үгээ хэлж буйгаа онцолсон юм. 

Түүнчлэн талийгаачийг нас барсны дараа шат шатны дарга нар ажил явдалд ирэн “Тэтгэмжийг нь шийднэ, таван хүүхдэд нь гэр, орон сууцыг нь бэлдэнэ. Олон нийтэд битгий мэдээлэл өгөөрэй. Аавыгаа бодоод ухаантай байгаарай” хэмээж байжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe