iPhone-ыг АНУ-д үйлдвэрлэж эхэлбэл үнэ нь гурав дахин нэмэгдэж, 3500 доллар болох магадлалтай байна

.Graph
2025-04-10

iPhone нь Apple компанийн орлогын тал орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд ухаалаг гар утасны ихэнх хэсгийг Хятад улсад үйлдвэрлэдэг. Тэгвэл АНУ-д импортолж буй Хятадын бүх бараанд 104 хувийн татвар ногдуулна гэдгээ Трамп мэдэгдээд байгаа билээ. Тэгвэл Wedbush Securities-ийн технологийн шинжээч Дэн Айвес мягмар гарагт хийсэн судалгааны тайландаа нэмсэн татвар нь электрон бараа болон бусад хэрэгслүүдэд "5-р зэрэглэлийн үнийн шуурга" үүсгэж болзошгүй гэдгийг мэдэгджээ. 

Хятадад угсардаг төхөөрөмжүүдийн нэг болох iPhone 16 Pro Max 256 GB нь 1199 долларын үнэтэй. Хятадын импортод ногдуулах шинэ тарифын дагуу үнэ нь 675 доллар буюу 56%-иар өсөж, үнийг 1874 ам.долларт хүргэж болзошгүй гэж UBS Investment Research-ийн шинжээчид 4-р сарын 9-нд мэдээлсэн юм. Харин Энэтхэгт үйлдвэрлэсэн, 999 долларын үнэтэй iPhone 16 Pro 128 GB-ийн үнэ 1119 доллар болж, 12 хувиар өснө гэж хөрөнгө оруулалтын банк үзжээ. 

Ерөнхийлөгч Трамп татварын шийдвэрээ зарлах үедээ “дотоодын болон гадаадын компаниудыг АНУ-д орж ирнэ, ажлын байр, үйлдвэрүүд эргэж ирнэ” хэмээн хэлсэн ч Apple болон бусад компаниудын хувьд бүтээгдэхүүнээ АНУ-д үйлдвэрлэвэл хөдөлмөрийн зардал ихээхэн нэмэгдэх юм. 

Apple компани iPhone утаснуудыг АНУ-д угсарч эхлэх юм бол өмнө нь 1000 доллараар зарагдаж байсан Хятадад үйлдвэрлэсэн төхөөрөмжийг Нью Жерси, Техас эсвэл өөр мужид үйлдвэрлэвэл 3500 долларын үнэтэй байх болно гэж Айвес тооцоолжээ. Мөн тэрээр зөвхөн өндөр тариф нь компаниуд үйлдвэрүүдээ Хятад гэх мэт хямд үнэтэй диваажингаас АНУ руу шилжүүлэхэд хүргэнэ гэдэгт маш их эргэлзэж байгаа бөгөөд энэ санааг "утгагүй" гэж нэрлэсэн юм. Азид хэрэглэж буй үйлдвэрлэлийн маш нарийн төвөгтэй экосистемийг хуулбарлах шаардлагатай болно гэдгийг мөн дурдлаа. Apple нийлүүлэлтийн сүлжээнийхээ дөнгөж 10 хувийг АНУ руу шилжүүлэхэд 30 орчим тэрбум долларын зардал гарч, гурван жилийн хугацаа шаардагдах болно" гэж нэмж ярьсан юм.

Гэвч зарим компаниуд, тэр дундаа Apple компани хамгийн өндөр тарифаас зайлсхийхийн тулд нийлүүлэлтийн сүлжээг дахин эхлүүлэхийг оролдож магадгүй юм. Жишээлбэл, Apple Хятадаас хамааралтай байдлаа багасгахын тулд Энэтхэгт илүү олон iPhone үйлдвэрлэхээр төлөвлөж байна гэж Wall Street Journal ойрын эх сурвалжаас тодруулан бичжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe