Бидний талд зогссон 3 жил

Ц.Чимэдцэеэ
2025-04-14

2022 он бол жагсаалын жил байсан. Он гарч, урь ирэнгүүт залуус гитараа хүртэл барьж ирээд талбай дүүргэж байв. Он улирч, дараагийн жилээ дуудахын даваанд нүүрсний гэх сүрхий хэрэг дуулдан идэр есийн хүйтэнд нүцгэлж хүртэл үзүүлсэн байдаг. 

Зургаар үзэх бол энд дараарай.

Өнөөдөр 2025 он. Гурван хавар, гурван өвлийн турш дээрх хоёр шиг дуулиан болоогүй. Монголчууд тайвширсан уу, амьдрал сайжирсан уу эсвэл бүр сэхэлгүй болтлоо доройтоод, цуглаж нэгдэх дур гутсан уу мэдэхгүй.

Ямартай ч Ерөнхий сайд төрийн ордны өндөр шатнаас “Иргэдийнхээ талд шүү” хэмээн “уран донгодсоноос” хойш юу өөрчлөгдсөнийг харъя.

Инфляц

Инфляц бол зах зээлд төгрөг олширч, үнэ цэнээ алдсанаар бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнэ өсөх урвуу хамаарлын үр дүнд бий болдог эдийн засгийн ойлголт.

2022 онд инфляц  14.2 хувьд хүрч, юмны үнэ огцом өссөнөөр иргэдийн бухимдлыг төрүүлж, жагсах анхдагч нөхцөл болж байв. Учир нь ковидын нэрээр тэтгэврийн зээлийг тэглэсэн, иргэдэд байн байн 30, 50, 100 мянган төгрөг тараах зэргээр зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлснээс үүдсэн байдаг.

Тэгвэл энэ оны хоёрдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод 10.6 хувь, орон нутагт 9.6 хувь байна. Инфцляц 2 оронтой тоонд хүрэхийг “цогио инфляц” хэмээн нэрлэдэг ба аюултай, эдийн засагт сөрөг нөлөөтэй.

Юмны үнэ

Гурил

  • ​2022 онд Улаанбаатар хотод савласан 1-р зэргийн гурилын дундаж үнэ 1500 төгрөг байсан.
  • 2025 оны 3-р сарын 31-ний байдлаар "Алтан тариа" савласан 1-р зэргийн гурилын үнэ 2220 төгрөг болсон байна.
  • Ийнхүү 2022 оноос хойш гурилын үнэ 720 төгрөгөөр буюу ойролцоогоор 48 хувиар өссөн байна.​

Мах

  • 2022 оны 10-р сард үхрийн ястай мах 1 кг нь 13,562 төгрөг
  • 2025 оны 4-р сарын 7-ны байдлаар үхрийн ястай мах 1 кг нь 19,320 төгрөг
  • 42.5 хувиар нэмэгдсэн.

Өндөг

  • 2022 оны 11-р сард нэг ширхэг өндөгний дундаж үнэ 498 төгрөг байсан .
  • ​2025 оны 4-р сарын байдлаар нэг ширхэг нь дунджаар 650–700 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. ​
  • 30–40 хувиар орчим өссөн. ​
Шударга бус байдал

Транспэрэнси Интернэшнл хэмээн олон улсын байгууллага жил бүр дэлхийн 180 улсын төрийн албан тушаалтнуудын авлига, олон нийтийн итгэл, хууль хэрэгжилт, шударга ёс, ил тод байдал зэрэг шалгуур үзүүлэлтээр авлигын индексийг тодорхойлдог.

2022 онд иргэд жагсах замаар үзэл бодлоо илэрхийлэхдээ шударга бус байдал даамжирсныг сануулж байв.

  • 2022 онд 33 оноотойгоор 180 улсаас 116
  • 2024 онд 33 оноотойгоор 180 улсаас 114
Нийгмийн даатгалын шимтгэл

Засгийн газрын шийдвэрээр 2023 оны 1 сарын 1-ээс 1.0 хувиар нэмэгдүүлсэн.

  • 2022 оны байдлаар: Ажил олгогч болон даатгуулагч тус бүр 9.5% буюу нийт 19% байсан.​
  • 2023 оны 1-р сарын 1-нээс: Засгийн газрын шийдвэрээр нийгмийн даатгалын шимтгэлийг 1.0 хувиар нэмэгдүүлсэн.

Энэ нэмэгдэл нь тэтгэврийн даатгалын санд төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх, ирээдүйд авах тэтгэврийн хэмжээг сайжруулах зорилготой байв. ​

Татвар 

НИТХ-ын шийдвэрээр 2024 оны 12 сард авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн.

Toyota Prius машинаар жишээлэхэд

  • Албан татвар 36,000 төгрөгөөс 108,000 төгрөг
  • Зам ашигласны төлбөр  20.000-100.000 төгрөг болсон.
Нүүрсний хулгай

4 их наядын хэмээх нүүрсний хулгай төрд нүүрлэснийг эсэргүүцэж байв. Шүүх энэ хэрэгтэй холбоотой 11 хүний хавтас хэрэг хүлээн авснаас 3 нь л шийдвэр гаргах өндөр эрх мэдэл бүхий албан тушаалтнууд байсан.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан 3 жил хоригдохоор болж, 1.8 тэрбум төгрөгийг улсын орлого болгон хураалгасан. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг 5 жил 9 сар хоригдохоор болж, 9.9 тэрбум төгрөгийг улсын орлого болгон хураалгасан. УИХ-ын дарга асан З.Энхболдыг цагаатгасан.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe