АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын бодлого дэлхийн тодорхойгүй байдлыг түүхэн дээд цэгт хүргэлээ. Ялангуяа, АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайн улам ширүүсэж, хоёр улс тарифаар уралдаж байна.
Худалдааны дайн (4-р сарын 14-ний байдлаар)
АНУ-аас Хятадын бараанд 145%
БНХАУ-аас Америкийн бараанд 125%
Эх сурвалж: CNN
Үзэлцвэл үзэлцье ээ хө
Тарифын дайн ширүүсэх тусам АНУ, БНХАУ-ын мэдэгдлүүд улам шийдэмгий болж байна.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин: АНУ худалдааны дайн хүсэж байгаа бол бид бэлэн...
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп: Би Ши-г хүндэлдэг, тэр миний найз. Гэхдээ тэд хэлэлцээ хэрхэн хийхээ мэдэхгүй байна...
Дайнд ялагч байдаг уу
Худалдааны дайн АНУ-ыг хямралд хөтөлнө
Өндөр тариф тогтоосноор импортын бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, АНУ-ын үйлдвэрлэгчдийн зардал өснө. Харин тэр зардлын өсөлтийг Америкийн үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн халааснаас авна. Ирэх онд АНУ-ын эдийн засагт уналт тохиох магадлал 30% хувьтай байна гэж шинжээчид тооцжээ.
Худалдааны дайн Хятадыг удаашруулна
БНХАУ-ын ДНБ-ий өсөлт 2025 онд 2.4 нэгж хувиар буурна гэсэн тооцооллыг Citigroup гаргажээ. Харин UBS банк тарифын дайн Хятадын эдийн засгийн жилийн өсөлтийг хоёр дахин бууруулна гэсэн тооцоолсон юм.
Америк, Хятадын худалдаа хэр том вэ?
Хоёр улсын хооронд 2024 онд 585 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Үүнээс Хятад улс 295 тэрбум ам.долларын ашиг олжээ.
АНУ, БНХАУ-ын худалдаа
БНХАУ-ын экспорт 440 тэрбум
АНУ-ын экспорт 145 тэрбум
Эх сурвалж: CNN
Хятадтай хийж буй худалдаа нь АНУ-д ашиггүй, олон тэрбумын алдагдалтай байгаа учраас тарифын дайн эхлүүлснээ ерөнхийлөгч Трамп удаа дараа мэдэгдсэн.
Азаар ухаалаг утсыг чөлөөлөх нь
Эдгээр бараанаас ухаалаг гар утас, компьютерын дэлгэц, төрөл бүрийн электрон эд ангиудыг харилцан татвараас чөлөөлөхөөр болсноо Америкийн тал өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн.
АНУ, БНХАУ-ын худалдааны гол бүтээгдэхүүн (экспортод эзлэх хувиар)
АНУ-аас БНХАУ руу
БНХАУ-аас АНУ руу
Эх сурвалж: US International Trade Commission
Дайн дам байдлаар Монголд дарамт болно
Монгол Улсын АНУ-тай хийдэг худалдаа өргөн хүрээтэй биш. Монгол Улс Америк руу өнгөрсөн онд 166 сая ам.долларын экспорт хийсэн. Энэ нь Монгол Улсын нийт экспортын 1.1 хувийг бүрдүүлдэг.
Монголын экспортод эзлэх хувь
АНУ 1.1%
БНХАУ 91%
Эх сурвалж: ГЕГ
Монгол Улсын экспортын 91 хувийг бүрдүүлдэг Хятад улс тарифын дайны гол “бай” болоод байна. Хятадад үйлдвэрлэл буурвал Монголоос авах түүхий эдийн хэмжээ багасна. Энэ хэрээр Монгол Улсын экспортыг бууруулна. Мөн БНХАУ-аас дамжин орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт буурна.
Хэн, юу хэлэв?
Худалдааны дайн Монголд хэрхэн нөлөөлөх вэ?
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төвийн гүйцэтгэх захирал Б.Лакшми
АНУ, БНХАУ-ын худалдааны дайны “оч”-оос үүдэж манай улсын эдийн засгийн өсөлт саарах эрсдэл өндөр байна гэж харахгүй байна.
МУИС-ын багш, дэд профессор С.Баясгалан
БНХАУ бол АНУ-ын эсрэг хариу тарифын арга хэмжээ авах, дотоодын зах зээлээ тогтворжуулах хүчин чадалтай улс. Тиймээс Монголд төдийлөн хүчтэй нөлөөлөхгүй.
Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс
Бид эдийн засгийн өсөлт гэж ярихаас илүүтэй яаж гаднаас ирж байгаа сөрөг шокийг зардал багатай, тогтвортойгоор давж гарах вэ гэдэг чухал байна.
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia
Сэтгэгдэл үлдээх