УИХ-аас төрийн 4 санд хариуцлага тооцуулах санал хүргүүлжээ

.Graph
2025-04-15

Засгийн газрын 27 тусгай сан  өнөөгийн байдлаар үйл ажиллагаа явуулж байна. 

Эдгээртэй холбоотой УИХ-аас ажлын хэсэг байгуулан дүгнэлт гаргасан байдаг. Зарим сангууд үйл ажиллагаа явуулаагүй, аудитад хамрагдаагүй гэх мэт олон зөрчил байгааг тус ажлын хэсэг тогтоосон байна. 

Ажлын хэсгийн тайланд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн халамжийн сан, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Кино урлагийг дэмжих сан зэрэгт хариуцлага тооцуулах саналыг хууль хяналтын байгууллагад хүргүүлжээ. 

Кино урлагийг дэмжих санд хууль хяналтын байгууллагаас шалгалт хийжээ. Олон тооны хуулийн зөрчил үүсгэсэн байгаагаас нь  онцлон харвал, Олон улсын кино наадамд оролцуулах бүтээл, уран бүтээлчдийг сонгон шалгаруулахдаа хуульд заасан ил тод, шударга, тэгш өрсөлдөх боломжийг бүрдүүлэх зарчмыг баримталж, хууль, тогтоомжид заасан үйл ажиллагаагаа хэрэжүүлэхдээ хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал бий болгохгүй байх тухай хуулийн зохицуулалттай. Гэтэл дараах зөрчил илэрсэн байна. Үүнд,

  • Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохион байгуулах “Монгол кино өдөрлөг”-т оролцох уран бүтээлийг сонгон шалгаруулахдаа сонгон шалгаруулалтын шаардлагын дагуу бүтээлээ ирүүлээгүй, бүртгэлд ороогүй “Гуру медиа” компанийн бүтээл болох “Сэр сэр салхи” киног Кино урлагийг дэмжих зөвлөлөөс санал тавих байдлаар,
  • Найруулагч Б.Отгонзоригийн “Эмэгтэй” киног найруулагчийн хүсэлтээр шалгаруулж оролцуулсан нь Кино урлагийг дэмжих тухай хуульд заасан “ил тод, шударга, тэгш өрсөлдөх боломжтой байх” зарчмыг алдагдуулах эрсдэлийг үүсгэжээ.
  • Кино урлагийн зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар БНСУ-ын Пусан хотноо зохион байгуулах “Монгол кино өдрүүд” арга хэмжээнд оролцуулахаар нэр бүхий 8 бүтээлийг хэлэлцэн сонгосны нэгд Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундралын тоглосон “Эмэгтэй” уран сайхны кино багтсан байх ба тэрээр энэхүү үйл ажиллагаанд оролцохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.6-д заасан “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ын талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлж, тайлбар гаргаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байна. 
  • Түүнчлэн Кино урлагийн зөвлөл нь сонгон шалгаруулалтыг явуулахдаа “Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт олгох болон банканд тавих шалгуур, банкийг сонгон шалгаруулах, хөнгөлөлттэй зээл олгох, эргэн төлөх, хяналт тавих журам”-ын зарим зохицуулалт, шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэхгүй байгаа нь хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох нөхцөлийг бүрдүүлж болзошгүй байна. Тухайлбал, журмын 1.4.9-д “Төсөл хүлээн авах сүүлийн өдрийн байдлаар нийгмийн даатгал, татварын байгууллагад өртэй” бол сангаас дэмжлэг үзүүлэхгүй байхаар тусгасан. Гэтэл Кино урлагийг дэмжих сангаас 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 27-ны өдрүүдэд гэрээ байгуулсан 6 төслөөс 4 төслийн материалд нийгмийн даатгалын болон татварын өртэй эсэх лавлагааг аваагүй, уг шалгуурыг хангасан эсэхийг нягтлаагүй зэрэг зөрчил байна.

Томоохон кино хийж байгаа уран бүтээлчдэд олддоггүй санхүүгийн дэмжлэг ялгамжтай байдлаар олгогдож байгаа нь уран бүтээлчдийн шүүмжлэлийг дагуулдаг билээ.

УИХ-аас Кино урлагийг дэмжих тухай хуулийг 2021 оны долдугаар сарын 2-нд эцэслэн баталсан. Улмаар Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлтэй болсон ба дарга, 10 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн даргаар 2022 онд Ч.Номин сайдын тушаалаар Жүжигчин Ч.Ундралыг томилжээ.

Харин 10 гишүүний 30-аас доошгүй хувийг яамнаас томилж, 70 хувийг нь нээлттэй сонгон шалгаруулалтаар томилсон.

Кино урлагийн зөвлөл нь төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, гадаадын иргэн, хуулийн этгээд Монгол Улсад кино зураг авах зөвшөөрөл олгох, кино үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, хуулийн этгээдтэй хамтран ажиллах, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлэх, кино бүтээх зардлын тодорхой хувийг буцаан олгох үйл ажиллагааг зохион байгуулах, санал, дүгнэлт гаргах, Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт, зээл олгох арга хэмжээг зохион байгуулах, санал, дүгнэлт гаргах, олон улсын кино арга хэмжээнд монгол киног нэр дэвшүүлэх, оролцуулахад санал өгөх, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг болон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Тэд хуулийн дагуу бүрэн эрхээ томилогдсон цагаасаа хойш 3 жил хэрэгжүүлэх юм.

Зөвлөлийн гишүүнээр Н.Ганхуяг, Н.Уранчимэг, Г.Энхбаяр, С.Батцэцэг, Н.Сүнжидмаа, Б.Пүрэвдорж, Т.Номуунзул, Н.Энхбат, Д.Онондорж нар ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

sonirhliin zurchil shuudee

iregn

Дэмжих үү?

0 0

Ene ulsad shudraga yos toftoosoi bileedee

Noname

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe