Бизнес эрхлэгч та зохиогчийн эрхийн төлбөрөө төлдөг үү

.Graph
2025-10-24

Дэлхийн ихэнх улс орнууд хөгжмийн зохиолч, дууны үг ая зохиогчдын  эрхийг  хүндэтгэж, бүтээлийг нь ашигласны төлбөр хүртээх дэд бүтэц, хяналтын системийг цогцлоосон байдаг. Тодруулбал, аливаа уран бүтээлчийн бүтээсэн хөгжим, дууг олон нийтийн газар тоглуулах, радио, телевиз, IPTV ОТТ платформоор олон нийтэд дамжуулах, стриминг аппликейшн, пянз, караоке тоглуулагчид хуулбарлах бүрд дуу хөгжмийн зохиогч нар төлбөр авдаг. Тэгвэл энэхүү зохиогчийн амины ба эд хөрөнгийн эрх Монголын хөгжмийн бизнесийн эко системд хэрэгждэг болов уу?

MOSCAP

  • Монголд дуу хөгжим  бүтээгчдийн эрхийг хамгаалах, бүтээл ашиглалтыг төлбөрийг зохиогч нарт зохистой хүртээх зорилгоор байгуулагдсан “Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, хөгжмийн нийтлэгчдийн нийгэмлэг” гэх нийгэмлэг бий. 
  • Mongolian Society of Composers, Authors and Publisher буюу MOSCAP нь олон улсын хөгжмийн зохиолчдын нийгэмлэгүүдийн холбоо болох CISAC-ийн гишүүн бөгөөд хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах олон улсын стандарт зарчмыг мөрдөн ажилладаг байна. 
  • MOSCAP нь дэлхийн 24 орны хөгжмийн зохиогчийн эрхийн нийгэмлэгтэй харилцан төлөөлөх гэрээтэй тул гадаадын дуу хөгжмийн бүтээлийг Монголд хамгаалах үүрэг хүлээдэг аж.
  • MOSCAP нь зохиогчийн эрхийн тухай хуулийн 13.2-т заасан зохиогчийн эд хөрөнгийн онцгой эрхийг хэрэгжүүлж, бүтээл ашиглагчидтай лицензийн гэрээ байгуулан, цуглуулсан бүтээл ашиглалтын төлбөрийг гишүүн зохиогчдод хуваарилдаг байна

Яагаад төлбөр төлөх ёстой вэ?

  • Бизнесийн орчинд арын дэвсгэр хөгжим нь уур амьсгал бүрдүүлэх, хэрэглэгчийн сэтгэл зүйд шууд нөлөөлдөг маркетингийн хүчтэй хэрэгсэл  байдаг.
  • Хөгжим тоглуулах нь хэрэглэгчийг удаан байлгаж, илүү их худалдан авалт хийлгэдэг тул борлуулалтын өсөлтөд 10–25% шууд нөлөөлдөг.
  • Хөгжим нь бизнесийн ашигт эергээр нөлөөлж байдаг тул энэ нь бүтээлийг ашиглаж буй эдийн засгийн ашиглалт гэж тооцогддог аж.
  • Иймд зохиогчийн эрх эзэмшигчдэд бүтээл ашигласны төлбөр (роялти) төлөх нь хууль ёсны үүрэг бөгөөд шударга бүтээлч экосистемийг бүрдүүлдэг байна.
  • Нэг ёсондоо зочлох үйлчилгээ, худалдаа үйлчилгээ, соёл урлагийн цэнгүүлэх үйлчилгээ эрхлэгчид өөрийн бизнесийн орчиндоо дуу хөгжим тоглуулж эхэлсэн л бол зохиогчийн эрхийн хуулийн дагуу төлбөр төлөх ёстой.

Би өөрөө Mmusic, Sonsy app эрхтэй 

  • Та өөрийн бизнесийн орчиндоо тоглуулж байгаа пянз CD-ний төлбөрийг аль хэдийн төлчихсөн, эсвэл хөгжим шууд сонсгох үйлчилгээний Mmusic, Sonsy app, Mkaraoke, Spotify, Apple music гэх мэт платформд бүртгүүлж хэрэглэгчийн сарын хураамжаа төлчихсөн гэж бодож байж болно. 
  • Гэхдээ эдгээрийг худалдаж авахад та зөвхөн хувийн хэрэглээнд тоглуулах эрхийг авсан байдаг тул гэртээ, гар утаснаасаа эсвэл машиндаа хөгжим сонсох эрхтэй.
  • Харин хувийн хэрэглээнээс гадуур олон нийтийн газарт тоглуулах эрх нь дижитал платформын сарын хураамж ба пянз CD-ны үнэд багтаагүй байдаг. 
  • Иймээс та нийтийн үйлчилгээний зориулалттай газарт хөгжмийг тоглуулбал зохиогчийн эрхийн хуулийн дагуу лицензийн төлбөр төлөх ёстой.
  • Товчоор хэлбэл, хөгжим эгшиглэж байгаа бүхий л газраас дуу хөгжим зохиогчид, бичлэгийн эрх эзэмшигч хууль ёсоор зохиогчийн эрхийн төлбөр авах эрхтэй байдаг.

MOSCAP бүтээл ашиглалтын төлбөрийг хэрхэн тооцдог вэ

Хөгжим хэрэглэгчээс цуглуулах төлбөрийн хэмжээ нь бүтээлийн ашиглалтын төрлөөс хамаарна. MOSCAP бүтээл ашиглалтаас зохиогчийн хүртэх төлбөрийн хувь хэмжээг олон улсын аргачлалаар тооцож, боловсруулдаг байна. Тухайлбал,

Нэг.  Олон нийтэд тоглуулах, дамжуулах эрхийн төлбөр 

  • Амьд тоглолт концерт, шоу энтертайнмент олон нийтийн арга хэмжээнээс тасалбарын орлогын 3 %
  • Телевиз, радио, олон суваг дамжуулах үйлчилгээгээр нийтэд дамжуулах үйлчилгээний Жилийн нийт орлогоос холбогдох өртгийг хассан дүн буюу нийт ашгаас 1%
  • Бизнесийн орон зайд нийтийн үйлчилгээний газарт олон нийтэд дамжуулах, тоглуулах төлбөр талбайн хэмжээгээр нэгж үнэтэй

Хоёр: Хуулбарлах эрхийн төлбөр 

  • Онлайн караоке: Univision Mkaraoke, Ddish karaoke, Voo karaoke, Go+ karaoke, ORI Duul багц, Duul app нийт орлогын 15 хувь
  • Шууд сонсгох үйлчилгээ: Mmusic ба Sonsy streaming app Нийт орлогын 15 хувь
  • Гар утасны дуудлагын хөгжим: Hitone, Unimusic, Skymelody, Doremi үйлчилгээний нийт орлогын 10 хувь
  • Биет бүтээгдэхүүнд хуулбарлан нийтэд түгээх: караоке тоглуулагч, зөөврийн караоке, кассет, пянз, CD, DVD, MP4, USB flash drive, хөгжимт тоглоом, дуут ном, нот хэвлэл сурах бичиг борлуулалтын үнийн дүнгийн 6-15 хувийг бүтээгдэхүүний тоогоор үржүүлэн тооцно.

Караоке бар

 Караоке тоглуулагч бүрээс 600,000₮/жилд эсвэл Караоке өрөөний багтаамжаар:

  • 6-20 мкв өрөө – 30’000₮/нэг өрөө, сард
  • 20-40 мкв өрөө -40’000₮/нэг өрөө, сард
  • 40мкв-аас том өрөө бол 60,000₮/нэг өрөө, сард
  • 50 мкв с том Лобби хүлээлгийн заал 200,000₮/ жилд

Ресторан, лаунж, паб, баар 

  • 60мкв -99мкв 60,000₮/сар бүр 
  • 100мкв-150 мкв 80,000₮/сар бүр 
  • 151-200мкв 100,000 ₮/сар бүр 
  • 200-250 мкв бол 120,000₮/сар бүр

/Үүнээс дээш 50 мкв тутам сарын 20,000₮ нэмэгдэн тооцогдоно./ 

Бүжиглэх зориулалттай Шөнийн клуб, босоо үйлчилдэг бар

  • 70мкв түүнээс бага бол 80,000₮/сар бүр 
  • 71мкв -99мкв 100,000₮/сар бүр 
  • 100мкв-130 мкв 130,000₮/сар бүр 
  • 131-165 мкв 180,000 ₮/сар бүр
  • 166-200 мкв бол 220,000₮/сар бүр

Супермаркет, худалдааны төв 

Талбайн хэмжээ:      м² ийн нэгж үнэ

≤200 м²                       м² үнэ 1500₮ жилд

201–500 м²                 м² үнэ 1300₮ жилд

501–1000 м²               м² үнэ 1250₮ жилд

1001–3000 м²             м² үнэ 1190₮ жилд

3001–5000 м²            м² үнэ 1125₮ жилд

Зохиогчийн эрхийг хүндэтгээрэй

  • Хөгжмийн бүтээлийн зохиогчийн эрхийн төлбөр бол бизнес эрхлэгчдэд үзүүлэх бас нэгэн татвар дарамт биш, харин таны алжаал бухимдлыг тайлж аз жаргал бэлэглэдэг дуу хөгжмийг бүтээсэн авьяас оюуны хөдөлмөрийн үнэ цэн юм.
  • Та MOSCAP-тай өргөтгөсөн лицензийн гэрээ байгуулж зохиогчийн төлбөр төлсний дараа дэлхийн болон монголын бүх хөгжмийн урын санг хямд үнээр ашиглах боломжтой.
  • MOSCAP лиценз эзэмшигчээс цуглуулсан орлогын 80%-г зохиогчдод  хуваарилдаг.
  • Хөгжим хэрэглэгч та MOSCAP-ийн бүтээл ашиглах лиценз эзэмшигч байх нь хөгжмийн салбарт хувь нэмэр оруулж, хөгжмийн зохиолчдын шударга орлогыг дэмжиж буй явдал юм.
  • Хэрэв Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчвөл хуулийн дагуу таныг торгох, хорих, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах эрсдэлтэй. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe