Хүн бүхний анхаарах хууль: ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ

.Graph
2025-04-15

Засгийн газраас Татварын багц хуулийн төслийг өргөн барихдаа иргэн, ААН-ийн саналыг үндэслэнэ гэж амласан. Хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд иргэд, ААН-ийн санал, дүгнэлтийг хуулийн төсөлд тусгах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалж байна. Иргэдийн хувьд хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх саналыг гаргажээ.

Тэгвэл хуулийн юуг өөрчлөх гэж байгаатай танилцъя. 

Татварын багц хууль гэж юу вэ?

Засгийн газрын “Татварын багц” хэмээн нэрлээд буй хуулийн төсөлд дараах 4 хууль хамаарна. 

  • Татварын ерөнхий хууль
  • НӨАТ-ын тухай хууль
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хууль
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль

Ямартай ч 80 мянгын хонжоотой

  • Одоогийн хуульд иргэний цалингийн орлогоос 10 хувийн татвар авдаг. 
  • Та гар дээрээ 1 сая төгрөгийн цалин авдаг байлаа гэж бодоход үүний 100 мянгыг нь ХХОАТ гэж төлнө. 
  • Тэгвэл хуулийн төслөөр 800 мянга хүртэлх цалингийн орлогыг ХХОАТ-аас чөлөөлнө, түүнээс дээш цалинд 10 хувийн татвар хэвээр байна гэж тусгажээ. 

Жишээ нь, 

  • Иргэн Бат гар дээрээ 2 сая төгрөгийн цалин авахаар бодуулжээ. 
  • Одоогийн хуулиар бол тэрээр 200 мянган төгрөгийг ХХОАТ гэж төлөх ёстой.
  • Гэхдээ Татварын багц хууль батлагдсанаар 800 мянга хүртэлх цалингаа татвараас чөлөөлүүлж, үлдсэн 1.2 сая төгрөгтөө 120 мянгын татвар төлнө.
  • Иргэн Бат одоогийн хуулиар 200 мянгыг төлөх байсан ч хууль шинэчлэгдвэл 120 мянгыг төлөх нь. Ямартай ч 80 мянгын хонжоотой. 

Яагаад 800 мянга хүртэлх гэж?

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2025 оны 4-р сард шинэчлэгдэж, 792 мянга болсон. Иймд 800 мянгаар босго тогтоосон байна. 

Өндөр орлоготой бол өндөр татвартай

  • ХХОАТ дээр дахиад нэг томоохон өөрчлөлт гарч байгаа нь шаталсан татварын тогтолцоо. 
  • Иргэн орлого нь хэд байхаас хамаарч, 10-20 хувийн ХХОАТ төлнө. 
  • Та өндөр орлоготой байх тусмаа өндөр татвар төлнө гэсэн үг. 

Сарын орлого                              Хувь

0-10 сая                                          10%

10-15 сая                                        12%

15-20 сая                                        14 %

20-25 сая                                        16%

25-30 сая                                        18 %

30 саяас дээш                                20%

НӨАТ-ын сугалаа баяртай

  • Татварын багц хуулийн шинэчлэлээр НӨАТ-ын сугалааг болиулна. 
  • Харин НӨАТ-ын сугалаанд олгодог мөнгийг буцаан олголтод нэмэрлэх юм байна. 
  • Үүнээс гадна НӨАТ төлөгчдийн тоог нэмэхийн тулд НӨАТ-ын буцаан олголтыг нэмнэ. 
  • НӨАТ-ын буцаан олголтыг нэмснээр иргэдийн НӨАТ бүртгүүлэх сонирхол идэвхжиж, ААН-үүдээс НӨАТ-ын баримтаа шаардаж эхэлнэ.
  • Энэ нь ААН-үүдийг НӨАТ төлөх хөшүүрэг болно гэж Ажлын хэсэг үзэж байна. 

Буцаан олголт ингэж нэмэгдэнэ

  1. 500 мянга хүртэлх НӨАТ бүртгүүлбэл буцаан олголтоо 100 хувь авна. 
  2. Энэ 500 мянга дээр нэмээд, 300 мянга хүртэлх НӨАТ бүртгүүлбэл буцаан олголтыг 50 хувь олгоно. Өөрөөр хэлбэл, та сард 800 мянга хүртэлх НӨАТ бүртгүүлбэл, эхний 500 мянгын буцаан олголт 100 хувь ороод, үлдэгдэл 300 мянгынх нь 50 хувь орно гэсэн үг. 
  3. 800 мянгаас дээш НӨАТ бүртгүүлбэл буцаан олголтыг 20 хувь олгоно. Энэ мөн дээрх зарчмаар 500 мянгын буцаан олголт 100 хувь, 300 мянгын буцаан олголт 50 хувь, тэгээд түүнээс дээш бол 20 хувиар буцаан олгоно.

500-хан мянга уу гэж бодож байна уу?

  • Ганц хүн сард 500 мянга цаашаа л НӨАТ бүртгүүлнэ шүү дээ гэж бодож байвал гэр бүлээрээ бүртгүүлж болно.
  • Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн заалт НӨАТ бүртгүүлдэг буюу өөрийн гэсэн банкны данстай гэр бүлийн бүх гишүүнд хамаарна. 
  • Жишээлбэл, ам бүл 4-үүлээ бол дөрвөн тусдаа НӨАТ-ын баримтаа бүртгүүллээ гэхэд сард 2 сая төгрөг төгрөг хүртэлх худалдан авалт дээр буцаан олголт гэж 200 мянгыг буцаан авна. 
  • Тэгээд нэг хүний 500 мянгаас дээш гарсан тохиолдолд дээр дурдсанаар 50-20 хувиар хөнгөлүүлнэ. 
  • Ганц биечүүд үүнд хамаарахгүй нь дээ… 

Компаниудаа мартаагүй шүү

Одоогийн хуулиар ААН-ийн орлогын албан татвар нь 2 шатлалтай юм байна.

  1. Жилд 6 тэрбум хүртэлх орлоготой бол 10 хувиар 
  2. 6 тэрбумаас дээш орлоготой бол 6 тэрбумдаа 10 хувийн татвар төлөөд түүнээс дээш дүндээ 25 хувийн татвар төлнө. 

Тэгвэл хуулийн төсөлд

Татварын багц хуулийн төсөлд ААН-ын орлогын албан татварын шатлалыг 3 болгож нэмэгдүүлжээ. 

  1. Жилд 6 тэрбум хүртэлх орлоготой бол 10 хувиар 
  2. 6-10 тэрбумын орлоготой бол 15 хувиар
  3. 10 тэрбумаас дээш орлоготой бол давсан орлогодоо 25 хувиар орлогын татвар төлөхөөр тусгасан байна.

Болзолтой татварын хөнгөлөлт

  • Хуулийн төслөөр 2.5 тэрбум хүртэлх жилийн орлоготой бол 1 хувийн татвар төлнө. 
  • Гэхдээ 1 хувийн татварыг 3 жилийн хугацаанд эдлүүлэх юм. 3 жил гэж заасны учир нь ААН-үүдийг татварын хөнгөлөлт эдлэх зорилгоор үйл ажиллагаагаа томруулахгүй байхаас сэргийлэх юм.
  • Өөрөөр хэлбэл, танай компани хөнгөлөлт эдлэх гурван жилийн хугацаанд өсөж хөгжиж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх ёстой. Ийм л болзолтой. 

Хууль батлагдсанаар ямар үр дүн гарах вэ?

  • Иргэн, ААН-үүдийн 95 хувь нь 2028 он гэхэд НӨАТ төлдөг болно.
  • ХХОАТ-аар иргэдэд жилд 2,4 их наядын хөнгөлөлт үзүүлнэ. 
  • НӨАТ төлдөггүй иргэн, ААН-ийг НӨАТ төлөгч болсноор татварын суурь нэмэгдэж, татварын орлого тасалдахгүй болно.
  • ААН дээр шинээр 15 хувийн шатлалыг нэмснээр 159 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй болно. Өөрөөр хэлбэл, өмнө нь 25 хувиар төлдөг байсан компаниуд 15 хувиар төлдөг болно гэсэн үг юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe