Өнгөрсөн оны 2-р сард эхнэрээ хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, нохойд өгсөн гэх хэрэг гарсан. Хэргийн гэм бурууг шүүх хурлын анхан шатны шүүх өнгөрсөн оны 8 сарын 30-нд болж, хэрэгтэнд хаалттай хорих ангид бүх насаар нь хорих ял оногдуулсан байдаг.
Тэгвэл уг шүүх хурлаас хойш хэрэгтэн давж заалдан, Улсын дээд шүүх хүртэл явжээ. Харин Улсын дээд шүүх эхнэрээ хөнөөж, нохойд хаяж өгсөн Б-д холбогдох хэргийг хянаж, бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээжээ.
Хэргийг эргэн сануулахад, Хан-Уул дүүргийн 13-р хорооны …дугаар гудамжны …дугаар тоотод оршин суух иргэн Б гэх 47 настай эрэгтэй хүнтэй хамт амьдарч байсан иргэн Ц нь 2024 оны 1-р сарын 18-ны өдрөөс хойш сураггүй алга болсон. “Өөрийн ойр дотнын болон гэр бүлийнхэнтэйгээ холбоо барих боломжгүй боллоо” гэсэн гомдол мэдээлэл 2024 оны 2-р сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс хойш цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байсан юм.
Улмаар шалгах ажиллагаа явуулахад Б нь хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь өөрийн тэжээдэг нохдодоо өгсөн нөхцөл байдал тогтоогдож, баривчлах үеэр гэр болон машинаас нь мансууруулах төрлийн бодис илэрсэн байдаг.
Хэрэгтэн Б-гийн гэр болон тээврийн хэрэгслээс НҮБ-ын мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцийн жагсаалтад орсон нэр бүхий сэтгэцэд нөлөөт эм, бодис илэрсэн. Ийнхүү түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.2-т зааснаар 2024 оны 2-р сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, цагдан хорих арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагаагаар иргэн Ц-тай хамтран амьдарч байсан Б гэгч нь олон тооны нохой тэжээдэг байсан нөхцөл байдал тогтоогдсон аж.
Сэтгэгдэл үлдээх