УИХ-ын 2-р тойрог буюу Увс, Завхан, Говь-Алтай, Ховд аймгаас Э.Болормаа сонгогдож, УИХ-ын гишүүн болсон билээ. Тэрээр нэр дэвшиж байх үедээ Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй “Кью Жи Экс Холдингс Лимитед” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” ХХК-иас 30 сая төгрөгийн хандив авчээ. Тэрээр энэхүү 30 саяа зарцуулсныг Нийслэлийн аудит ХХК-аас баталжээ.
Тэгвэл уг асуудалтай нь холбогдуулан түүнийг ЦЕГ-аас шалгаж эхэллээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "УИХ-ын гишүүн Э.Болормааг гаднын байгууллагаас хандив авсан асуудалтай нь холбоотойгоор шалгаж эхэлсэн" гэв.
Уг асуудалд тэрээр тоймтой хариулт өгөөгүй бөгөөд нэг удаа "Миний сонгуулийн хандивын зарцуулалт нээлттэй байршсан. Ханбогд Эксплорайшн ХХК гэж мэдэхгүй. Хаанаас хэдэн төгрөг орж ирснийг нарийн сайн мэдэхгүй байна. Сонгуулийн үеэр мэргэжлийн нягтлан хүмүүсийг штабдаа ажиллуулсан. Энэ талаар нягталж тодруулаад эргээд мэдээлье" гэж ярилцлага өгч байжээ.
УИХ-д нэр дэвшиж буй нэр дэвшигчид олон нийт, компаниас хандив авч сонгуулийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх эрх нь хуулиар нээлттэй. Гэхдээ хандивыг хувь хүн бол 10 сая хүртэлх, компани бол 30 сая хүртэлх дүнгээр өгөх боломжтой. Мөн тухайн нэр дэвшигч нь гадаадын ААН болон гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ээс хандив авч болохгүй. Авсан тохиолдолд мөнгийг зарцуулахгүйгээр буцаах хуультай юм байна.
Сэтгэгдэл үлдээх