УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахаар боллоо.
1997 онд баталсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14.1 дэх хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн үзжээ.
Дээрх заалтад "Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ" хэмээн тусгасан байдаг.
Учир нь дээрх үйл ажиллагаа нь Үндсэн хуульд заасан Цэцийн эрх хэмжээний асуудал биш хэмээн үзсэн байна.
ҮХ-ийн 64.1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн" хэмээн заасан байдаг.
Улмаар ҮХ-ийн 1.2, 64.2, 66.2, 70.1 дэх хэсгийг зөрчсөн хэмээн хүсэлт гаргаж байгаа юм.
УИХ нь аливаа хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх хүрээнд мөн хуулийн 66.1 дэх заасны дагуу ийнхүү Цэцэд хандах боломжтой байдаг.
Сэтгэгдэл үлдээх