Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 2024-2025 оны аваргын төлөөх тоглолтууд өнөөдөр эхэлнэ. Тодруулбал, Хасын хүлэгүүд баг, Бишрэлт металл багийн тоглолт 4 сарын 21-ний 19:10 цагт эхлэх юм.
Хагас шигшээ шатанд Хасын Хүлэгүүд баг 4:3 харьцаагаар Сэлэнгэ бодонсыг хожиж, финалын шатанд шалгарсан билээ. Тэгвэл Бишрэлт металл, SG Apes багуудын 7 дахь тоглолт өнгөрсөн баасан гарагт буюу 4 сарын 18-нд болж, Бишрэлт металл баг 67:61 харьцаагаар ялж, финалд шалгарлаа.
Хагас шигшээ шатны тоглолтыг Бишрэлт металл баг хүндхэн эхлүүлсэн. Учир нь Азийн аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд Малайз, Индонези Улсад болж, шахуу тоглолтын хуваариар Үндэсний дээд лигийн хагас шигшээ шатны тоглолтод оролцон, 3 дараалж хожигдсон. Ийнхүү 0:3-аас иргэн ирж, 4 дараалан SG Apes багийг хожсоноор Монголын сагсан бөмбөгийн лигт түүх бүтээсэн юм.
Олон улсын сагсан бөмбөгийн лигийн түүхэнд хагас шигшээ цувралд “0:3” аас эргэн ирсэн ганцхан баг байдаг нь Филиппиний лигийн “San Miguel Beermen” баг аж. Тус баг 2015-2016 оны улиралд дараалан 4 хожиж, эргэн ирж байсан юм. Ийнхүү Бишрэлт металл баг Олон Улсын сагсан бөмбөгийн лигийн түүхэнд хоёр дахь, Монголын сагсан бөмбөгийн лигт анх удаа ийнхүү түүх бүтээлээ.
Бишрэлт металл, SG Apes багийн 7 дахь тоглолт дуулиан шуугиантай болсон. Учир нь шүүгч нарын эргэлзээтэй шүүлтээс SG Apes багийн тоглогч Б.Тулуйд спортын бус алдаа өгч, тоглолтоос чөлөөлөн, Бишрэлт металл багийн тоглогч Н.Мөнхчөдөр хүнд бэртэл авсан юм. Мөн SG Apes багийн эзэн О.Мөнхжин сагсан бөмбөгийн спортоос бүр мөсөн гарч байгаагаа мэдэгдэж, МУГТ Ц.Шаравжамц ирэх улирал SG Apes багийн дасгалжуулагчаар ажиллаж, аварга авч өгмөөр байгаагаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн юм.
Дээд лигт найман удаа аварга авсан Хасын хүлэгүүд баг энэ жил дахин аварга авах уу, дээд лигт гурав дахь удаагаа финалдаж буй Бишрэлт Металл баг түүх бүтээж, аварга авах уу. Хоёр багийн сонирхолтой цуврал өнөөдрөөс эхэлж байна.
Сэтгэгдэл үлдээх