Б.Батцэцэг: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн зарим заалтыг өөрчлөхөөр ОХУ-д санал тавьсан

.Graph
2025-04-21

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр гурван асуудлыг хэлэлцэн хуралджээ. Тодруулбал, Уул уурхайн биржийн тухай хууль, Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр гэрээ, Монгол Улсад агаарын түлш нийлүүлэх ОХУ-тай байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тус тус хэлэлцэж, байр сууриа нэгтгэжээ. 

Үүнээс “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд холбогдох байнгын хороод дээр хэлэлцэгдсэн асуудлуудыг нэгтгэн, МАН-ын бүлгийн гишүүдийн байр суурийг сонссон аж.

Ийнхүү хэлэлцээрийн төсөл дээр дурдагдаж буй зарим нэр томьёог ойлгомжтой болгох, ОХУ-тай харилцан саналуудаа тавьж, хэлэлцээрийг сайжруулах шаардлагатай гэж бүлгийн гишүүд санал нэгджээ. 

Тиймээс ГХЯ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас ОХУ-ын холбогдох байгууллагуудтай санал солилцсоны дараа хэлэлцээрийн төслийг хэлэлцэх асуудлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хоёр улсын зүгээс гаргасан саналуудыг нэгтгэж, компакт буюу хос хэлэлцээр байгуулахаар болсон. Нэгдүгээрт, Ковид, дайн зэрэг гэнэтийн нөхцөл байдалд манай улсын шатахуун тасалддаг тул бидний зүгээс ОХУ-д “манай улсыг газрын тосны бүтээгдэхүүнээр тогтвортой, тасралтгүй хангаж өгөх” хүсэлт тавьж ирсэн.  ОХУ-ын зүгээс “Онгоцны түлшийг дундаас нь зуучилдаг компаниуд өндөр үнээр зарж, Монгол Улсын нислэгийн тийзийн үнэ өндөр байгаа тул шууд нийлүүлье” гэх санал тавьсан. Тиймээс хоёр талаасаа хамтарсан компани байгуулаад, ОХУ-аас манай улсад онгоцны түлш тасралтгүй, тогтвортой нийлүүлэхээр уг хэлэлцээрийг байгуулахаар тохирсон. 

Гэхдээ хэлэлцээр байгуулахдаа монголын зүгээс дахин нягтлах шаардлагатай хэд хэдэн заалт байгаа. Тодруулбал,

  1. Тус хэлэлцээр 20 жилийн хугацаатай хүчин төгөлдөр байна
  2. Чингис хаан нисэх буудлын дэд бүтцийг удирдах, ашиглахад Хамтарсан компани байгуулна.
  3. Маргааныг ОХУ-ын олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлэнэ гэхчлэн дөрвөн зүйл дээр өөрчлөлт оруулах саналаа ОХУ-д албан ёсоор тавьж байгаа. 

ГХЯ-ны зүгээс уг асуудалд анхаарч, дэмжин ажиллана” гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe