2024 оны 1 сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн уулзварт газ тээвэрлэж явсан том оврын машин Патрол загварын машинтай мөргөлдөж, хүчтэй дэлбэрэлт үүсэн, осол гарсан. Уг ослын улмаас долоон хүний амь эрстэж, 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 ААН байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон билээ.
Тэгвэл тус ослын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.
Хэлэлцүүлгийн эхэнд "Дашваанжил" ХХК-ийн том оврын автомашиныг жолоодож явсан Ч.Р, "Дашваанжил" компанийн удирдлага Н.Б нарын өмгөөлөгч мэдээлэл өгсөн юм. Мэдээлэлдээ газ тээвэрлэж явсан Ч.Р замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй бөгөөд түүний буруутай үйлдлээс болж гал гараагүй гэдгийг онцолсон юм. Мөн гал унтраах явцад тоног төхөөрөмж, стандарт хангагдаагүй гэж үзсэн бөгөөд аюултай ачаа тээвэрлэх стандартыг зөрчөөгүй гэв.
Түүнчлэн “патрол загварын автомашины жолооч Э.М-г буруугүй” гэж үзсэн нь учир дутагдалтай гэдгийг өмгөөлөгчид хэлж байв. Тодруулбал, “түүнийг ослын үед ур чадвар дутсан гэж яриад байгаа ч уулзвараар баруун гар тийш эргэх үед замын хөдөлгөөний ямар дүрэм зөрчсөн талаар ерөөсөө дурдаагүй. Шударга ёсны зарчмын хувьд ч тэр Э.М-г шалгах ёстой” хэмээгээд дахин шинжээч томилуулан, мөрдөн байцаах шатанд буцаах хүсэлт гаргаад байна.
Хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Сэтгэгдэл үлдээх