Хойд бүсийн зөвлөлийн өргөтгөсөн анхдугаар хуралдаан Булган аймагт болж байна. Энэ үеэр Эрдэнэт аймагт хойд бүсэд хавдрын төв байгуулахаар хэлэлцэж байгааг салбарын сайд нь мэдээллээ.
Эрүүл мэндийн Сайд Т.Мөнхсайхан:
- Хойд бүсэд хавдрын тохиолдол өндөр бүртгэгддэг. Ялангуяа Булган аймаг хавдрын тохиолдлоор улсдаа тэргүүлж байна. Эрдэнэт, Хөвсгөл аймаг улсын дунджаас нэлээн дээгүүрт ордог. Тиймээс хойд бүсэд хавдрын тусламж үйлчилгээ үзүүлдэг төвийг тусад нь байгуулах хэрэгтэй гэж үзээд, энэ асуудлыг улсын хэмжээнд анх удаа ярьж байна.
Тодруулбал, Эрдэнэт ТӨҮГ-ын харьяанд байдаг төрийн өмчит Эрдэнэт медикал эмнэлгийг ЭМЯ-ны харьяа ХСҮТ-ийн салбар эмнэлэг болгоно. Өөрөөр хэлбэл, уг эмнэлэг хойд бүсийн хавдрын тусламж үйлчилгээг хариуцах төв болох юм.
Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээний тусламж үйлчилгээг Эрдэнэт хотод, Хойд бүсэд үзүүлэх боломж бүрдэнэ. ХӨСҮТ-ийн эмч нар Эрдэнэт медикал эмнэлгийн ажилчидтай сэлгэн ажиллаж, иргэд заавал хотыг зорихгүйгээр хойд бүсдээ тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ.
Өнөөдрийн байдлаар хойд бүсийн 306 мянган иргэнээс 3500 орчим нь ХСҮТ-ийн хяналтад байдаг. Жилдээ энэ бүсээс 800 орчим иргэн хавдрын шинэ тохиолдлоор бүртгэгдэж байна. Тэгэхээр ийм хэмжээний хүмүүс хотыг зорихгүйгээр Эрдэнэтээс үйлчилгээ авах боломж үүснэ гэв.
Сэтгэгдэл үлдээх