НИТХ-ын төлөөлөгч, "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан хамаарал бүхий этгээдүүдээ нийслэлийн өмчит Төв цэнгэлдэх хүрээлэн ТӨХХК-д ажилд авсан нь ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй гэх маргаан дэгдлээ.
Учир нь Консул асан Д.Мөнх-Эрдэнэ цахим сүлжээгээр Төв цэнгэлдэх хүрээлэнд Ж.Энхжаргалантай харилцаж буйгаа шууд дамжуулсан. Энэ үеэр тус ТӨХХК-ийн ажилтан Балжинням болон Насан-очир нар нь BRB ХХК-д Ж.Энхжаргалангийн удирдлага дор ажиллаж байсан болохыг дэлгэлээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд "ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно хэмээн тодорхойлсон байдаг.
Харин Ж.Энхжаргалан энэ төрийн өмчит компанийн ТУЗ-өөр бүтэц, орон тоогоо батлуулаад, Гүйцэтгэх захирлынхаа хэмжээнд хэнийг ажиллуулах нь миний мэдэх асуудал хэмээн хариулсан. Мөн хуулийн дагуу сул оронтой зарлаад, сонгон шалгаруулсны үндсэн томилсон гэж мэдэгдлээ.
Тэгвэл дээр дурдсан хуулийн 7.2.4 дэх хэсэгт ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх нь нийтийн албан тушаалтны үүрэг хэмээн заасан байна.
Мөн 12.1-т "Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, ... аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно" гэжээ.
Дээр дурдсан хүмүүс нь холбогдох хуульд заасны дагуу шалгуур хангаж, аливаа зөрчилгүй томилогдсон тухай баримт одоогоор байхгүй байна.
Сануулахад, Ж.Энхжаргалан 2024 оны дөрөвдүгээр сард дээрх ТӨХХК-д анх томилогдож, НИТХ-ын сонгуульд өрсөлдөх болсонтой холбогдуулан 10 сарын үед түр хугацаанд ажлаа өгсөн ч сонгогдсоныхоо дараа 2024 оны арваннэгдүгээр сард дахин томилогдсон түүхтэй.
Түүнийг томилогдох үед эзэмшилд нь байдаг Би Ар Би ХХК нь төв цэнгэлдэхэд тоглолт зохион байгуулдагтай холбоотой мөн ашиг сонирхлын зөрчлийн асуудал хөндөгдөж байсан юм.
Дээрх хуулийн 20.2-т "төрийн өмчит компанийн захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй" хэмээн заасан байдаг.
Сэтгэгдэл үлдээх