Дэлхий нийт эдийн засгийн аливаа сорилтод бэлэн байх шаардлагатай

Г.Энэбиш
2025-04-30

Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас жил бүр зохион байгуулдаг “Дэлхийн Эдийн засагчдын хаврын чуулга уулзалт” боллоо.

Нийтлэлийг зургаар үзээрэй.

Энэ жилийн уулзалт дөрөвдүгээр сарын 21-26-нд Вашингтон хотноо болж, дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал, АНУ-ын худалдааны бодлого, хөгжиж буй орнуудын өрийн асуудал зэрэг олон чухал сэдвийг хэлэлцсэн.

ОУВС 2025 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 3.3%-аас 2.8% болгон бууруулсан. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын импортын татваруудын улмаас үүссэн худалдааны хурцадмал байдал, бодлогын тодорхойгүй байдалтай холбоотой. 

АНУ-ын эдийн засгийн өсөлтийн таамаглал мөн 2.7%-аас 1.8% болж буурчээ.  Энэхүү хямрал дунд хугацаанд үргэлжилнэ гэж ОУВС таамагласан.

Дэлхий нийт хямралыг хэрхэн бага хохирлоор даван туулах, эрчим хүчний шилжилт, өсөж буй хэрэглээг хангах боломжийн талаар түлхүү анхаарч байна.

ОУВС дахь Ази номхон далайн бүсийн гүйцэтгэх захирлын зөвлөх Б.Сүх-Очир "Дэлхийн хөгжиж буй болон хөгжсөн орнуудын бүх төлөв байдлын бууруулж авч үзэж байна. Ялангуяа БНХАУ-ын эдийн засгийг анх төлөвлөж байснаас 0.5 хувиар бууруулж авч үзлээ. Ирэх онд ОХУ-ын эдийн засаг жишээ нь 1 хувьд очихоор үзэж буй"

Нордикийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Андре Куусвек "Миний ирсэн бүс буюу Хойд Европын бүс нутагт эрчим хүчний эх үүсвэрийг солонгоруулах ёстой гэдэг дээр санал нэгддэг. Тиймээс ч сэргээгдэх эрчим хүч, ус, салхи, нарны эрчим хүчний эх үүсвэрээс гадна цөмийн болон удирдахад хялбар тодорхой эрчим хүчний эх үүсвэрүүдийг оновчтой хольж ашиглах ёстой.

Худалдааны хурцадмал байдал, өрийн дарамт, санхүүгийн тогтворгүй байдал зэрэг асуудлуудыг шийдвэрлэхийн тулд улс орнуудын хамтын ажиллагаа, бодлогын уялдаа холбоо илүү чухал болж байна. Мөн АНУ-ын засаг захиргаа ч чөлөөт зах зээлд хязгаарлалт тогтоолоо. Тиймээс улс орнууд юуг өөрчилж чадах, чадахгүйгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Би эдийн засгийн хувьд харьцангуй жижиг Европын хойд бүс болон, Балтын тэнгисийн орнуудыг төлөөлж байгаа. Бидний хувьд юуг бусдаас өөрөөр хийж чадах зүйл юу вэ гэдгээ бодох хэрэг гарч байна" хэмээн тус тус байр сууриа илэрхийллээ.

Тодорхойгүй байдал нэмэгдэхийг хирээр хөрөнгийн урсгал алт руу чиглэж байна. Мөн өсөн нэмэгдэж буй эрчим хүч, баттерейны нөөцийг АНУ зэрэг улсууд идэвхитэй олборлолт хийх боломжтой сувгуудыг эрэлхийлж байгаа. 

S&P агентлагийн ахлах захирал Ким Ин Тан "Хөрөнгө оруулалт бага зэрэг удааширч байгааг бид харж байна. Тиймээс хөрөнгө оруулагчид юу болохыг хүлээж, харзнаж байгаа. АНУ-ын шилжилтэд цаг хугацаа шаардагдана. Хүнээр бодоход 5, 10 жил, магадгүй 20 жилийн дараагаа харж чадна гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Харин одоогоор нь энэ тодорхойгүй хэвээр байна"  гэсэн юм.

Тэгвэл Монгол улсын шадар сайд Т.Доржханд "Бид газрын ховор элементүүдээ хайх хэрэгтэй, нээх хэрэгтэй, өшөө явуулах хэрэгтэй. Хувийн сектерүүдээ өшөө явуулах хэрэгтэй. Эндээ хөрөнгө оруулалтаа татаад, маш хурдан зах зээл дээр гарах хэрэгтэй. Өрсөлдөх хэрэгтэй. Тэгэхгүй бол бид хоцрох гээд байгаа" хэмээн онцлов.

Ийнхүү ОУВС хурал ОУВС-ийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева гишүүн орнуудыг худалдааны хурцадмал байдлыг бууруулахын тулд хурдан арга хэмжээ авахыг уриалсан.

Энэ нь АНУ-ын импортын татваруудын улмаас үүссэн эдийн засгийн тодорхойгүй байдлыг арилгах зорилготой. Худалдааны хурцадмал байдал, өрийн дарамт, санхүүгийн тогтворгүй байдал зэрэг асуудлуудыг шийдвэрлэхийн тулд улс орнуудын хамтын ажиллагаа, бодлогын уялдаа холбоо илүү чухал болж байгааг онцолсон юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe