ОХУ-ын Волгоград хотноо 04 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалт болжээ.
Уг чуулга уулзалтад манай улсаас УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Б.Батбаатар, Л.Энхнасан нар оролцсон байна. Мөн УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдааны үеэр илтгэл тавив. Түүний илтгэлийг хүргэж байна.
Тэрбээр илтгэлдээ,
"Дэлхий дахины тэр дундаа оросын ард түмний түүхийн нэг гол үйл явдал нь 1941-1945 онд болсон Аугаа их эх орны дайн юм. Тэртээ 80 жилийн өмнө болсон энэхүү дайны түүхийг оросын ард түмэн санан дурсаж, дайнд амь үрэгдсэн сая сая эх орончдынхоо алдар гавьяаг бахархан мөнхжүүлсээр ирсэн.
Аугаа их эх орны дайн эхэлсэн өдөр буюу 1941 оны зургадугаар сарын 22-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс Зөвлөлт Холбоот Улсыг бүрэн дэмжихээ илэрхийлсэн. Монгол Улс дайны туршид ЗХУ-ын холбоотон улс нь байж, “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” гэсэн уриан дор Зөвлөлтийн ард түмэнд туслах хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, галт тэрэгний зургаан удаагийн цуваагаар тусламж хүргүүлсэн. Үүнд, мах, сүү, гурилан бүтээгдэхүүн, мөн нэхий дээл, эсгий гутал болон алт, үнэт эдлэл болоод бусад бэлэг сэлт байснаас гадна монголчууд 517 мянган агт морьд нийлүүлсэн.
Сталинград (эдүгээ Волгоград баатар-хот) хотын дэргэд болсон ширүүн тулаанд монголын ард түмнээс илгээсэн дулаан хувцастай улаан армийн цэргүүд Дэлхийн II дайны цаашдын хувь заяаг бүрэн эргүүлж чадсан юм.
Дайн дуусахтай зэрэгцэн Монголчуудын энэ их ач тусын хариуд Зөвлөлт Холбоот Улс Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийн бусад улс гүрнээр хүлээн зөвшөөрүүлж, 1961 онд НҮБ-ын гишүүн орон болоход чухал нөлөө үзүүлсэн гэдгийг монголын ард түмэн үргэлж санаж, талархдаг.
Өвөг дээдсийн маань “Аугаа их өв”, өнөөдрийн харилцан итгэлцэл, бидний хойч үеийн “Хамтын ирээдүй” нь мөнхийн хоёр хөршийн эрх тэгш, гүн бат найрамдал мөнхжин орших болтугай" гэжээ.
Сэтгэгдэл үлдээх