УИХ дахь АН-ын бүлэг чуулганы нэгдсэн хуралдааныг гурав хоног завсарлуулах хүсэлт гаргасан билээ.
Тэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ гишүүн Ж.Баярмаа руу "...чамтай харьцахгүй, битгий хачин юм ярьж бай, за юу..." зэргээр өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанд зохисгүй авирласантай холбоотойгоор уучлалт гуйх ёстой хэмээн үзсэн талаараа тайлбарласан. Ийнхүү УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүсэлтийг хүлээн авсан ч гурав биш нэг хоногийн завсарлага өгсөн юм.
Үүнтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж, пүрэв, баасан (2025.05.01 болон 2025.05.02) гарагт чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байх шийдвэр гаргажээ. Хуралдаанд АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал нар оролцоогүй байна.
Энэ талаар Бүлгийн дарга О.Цогтгэрэл "Хөдөлмөрийн хуульд ажил хаялт, ажил таслалтыг ялгаж өгсөн байдаг. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдааны ирцэнд орчхоод хуралдаандаа суухгүй байгаа нь ажил хаялт биш. УИХ-ын бүлгийн завсарлага гэдэг бол ажил цалгардуулж, гацааж байгаа асуудал биш. Асуудалд өөр байр суурьтай байгаа бол ажлын байрандаа ирцэндээ орчхоод байр сууриа нэгтгэж байгаа зүйл явц. Энэ бол өөр үзэл бодлоо илэрхийлэх хэвийн үзэгдэл" гэлээ.
УИХ дахь АН-ын бүлэг нь 42 гишүүнтэй бөгөөд 28 гишүүн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Ж.Баярмаа гишүүнээс уучлалт гуйтал чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдэг байр суурийг дэмжсэн байна. Хэрэв Ерөнхий сайд уучлалт гуйхгүй бол ирэх даваа гарагт намын бүлгийн ээлжит хуралдаанаар асуудлыг дахин хэлэлцэнэ гэв.
Сэтгэгдэл үлдээх