Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа хоёрын дунд үүссэн асуудлаас үүдэн цахим орчинд Ж.Баярмаа гишүүнийг харлуулж, доромжилсон худал мэдээллүүд гарч байгаа. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “УИХ-ын гишүүн Ж.Баярмаа намрын чуулган эхэлснээс хойш олон асуудлыг хөндөж ярьсан шударга, мундаг эмэгтэй. Гэтэл сүүлийн үед уг гишүүн рүү чиглэсэн цахим дээрэлхэл /social bully/ хэрээс хэтэрч байна. Цахим орчинд бусдыг доромжилж, гүтгэх байдалд анхаарахгүй бол болохгүй нь. Өнгөрсөн намар Ж.Баярмаа гишүүн бид хоёрыг зүй бусаар гүтгэж, элдэв өвчинд хамруулж, доромжилсон. ХҮЭК-оос бидний өмнөөс цагдаад гомдол гаргасан юм билээ. Тэр асуудал одоо ч шалгагдаж байгаа. УИХ гишүүд бид тусдаа, онцгой гойд эрхтэй байхаар төрчихсөн хүмүүс биш. Зүгээр л улс орныхоо төлөө мэдлэг, чадвараа зориулъя гээд зориг шулуудан сонгогдсон улстөрчид.
Гэтэл гүйцэтгэгч байгууллагуудаас улс орны эрх ашигт хамаатай асуулт асуусныхаа төлөө хувь хүн рүүгээ чиглэсэн дайралт авч байна.
Түүнчлэн, хоёр хүн хоорондоо муудахад эвлэрүүлэхийн оронд дунд нь ашиглаж байгаа хэсэг бүлэг нь ч байна. Одоо энийгээ болиоч ээ гэж уриалмаар байна. Ийм байдал үргэлжилсээр байвал Монгол Улс хөгжин дэвших биш хоорондоо байнгын хагаралдаж, хэрэлдэн, хайран цаг энергиэ барж дуусах нь. Ирээдүй хойч үедээ гэгээлэг сайхан нийгмийг үлдээмээр байна.
Гишүүдийг ажлыг нь хийлгээч ээ, битгий зоригийг нь мохоогооч ээ. Нэгнийгээ битгий дээрэлхэж, доромжлооч ээ” хэмээн уриалжээ.
Сэтгэгдэл үлдээх