УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмааг асуулт асуух үед "".. С.Баярцогт ...чамтай харьцахгүй, битгий хачин юм ярьж бай, за юу..." гэх зэргээр хариулсан нь УИХ-ын гишүүнийг хүндэтгээгүй гэх асуудлыг дагуулсан. Ингээд УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Ж.Баярмаа гишүүнээс уучлалт гуйтал чуулганы хуралдааны бойкотолж, ирцээ бүртгүүлсэн ч хуралдаандаа суухгүй гэж мэдэгдсэн билээ.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Өнөөдөр бүлгийн даргатай хамт Ерөнхий сайдтай уулзлаа. Улс төрд буруу зөрүү ойлгох, хардах сэрдэх асуудал байдаг. Бид ойлголцож, Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлалт гуйсан. Тэр асуултыг асууснаас хойш миний хувийн амьдрал, үр хүүхдийн талаар гүтгэлэг тарсан. Энэ бол тусдаа асуудал. Тиймээс би иргэн хүнийхээ хувьд холбогдох байгууллагад хандаж, гомдлоо гаргана. Энэ бол намайг гүтгэсэн, нэр төрд халдсан асуудал юм.
Мөн АН Ж.Баярмаа гишүүнээр далимдуулж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эсэргүүцэж байна гэх мэдээлэл явсан. Тийм зүйл байхгүй гэдгийг хэлье. Нэг л асуудлаас болж АН болон намайг гүтгэлээ. Ерөнхий сайд бид хоёрын хооронд болсон асуудлыг засаглалын шинжтэй асуудал гэдэг байр сууринд бүлгийн гишүүд байсан. Цаашид институт хоорондын асуудлыг шийдэхэд АН-ынхан анхаарна.
Ерөнхий сайдтай уулзахдаа намайг хаа хамаагүй хүнтэй холбосон асуудлыг ярьж, улс төрийн түүх замналаа ярьсан. Мөн би хэний ч үгийг дамжуулж, гар хөл болдоггүй гэдгээ хэлсэн. Ерөнхий сайд ойлгосон байх аа. Тэгээд надаас уучлалт гуйсан" гэлээ.
Гэхдээ сэтгүүлчдээс чуулганы танхимд уучлалт гуйх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, иргэд үнэхээр уучлалт гуйсан эсэхийг яаж мэдэх вэ гэж асуухад УИХ-ын гишүүн Ж.Баярмаа хариулсангүй.
Сэтгэгдэл үлдээх